Жон Бреннаны захидлуудын хоёр дахь хэсгийг нийтэлжээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-23 12:32:54

МОСКВА. /RIA Novosti/. “WikiLeaks” цахим хуудас АНУ-ын Тагнуулын төв газрын дарга /ТТГ/ Жон Бреннаны хувийн и-мэйл хаягны захидлуудын хоёр дахь хэсгийг нийтэлжээ. 

“WikiLeaks”-ийн нийтэлсэн баримт бичгүүдийн дотор Афганистан, Пакистанд чиглэсэн АНУ-ын бодлогод өгсөн 2008 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн зөвлөмж мөн ТТГ-ын даргын захидлаар харилцсан хүмүүсийн жагсаалт байгаа аж.

Тус сайт урьд нь Бреннаны Ирантай хийж буй харилцаатай холбоотой, “хүйтэн дайны” болон 2001 оны есдүгээр сарын 11-ний эмгэнэлт явдлын дараах үед Америкийн тагнуулын албаны ажилд тулгарсан асуудлууд, мөн байцаалт авах үед эрүү шүүлт хэрэглэж байгаатай холбоотой асуудлуудын тухай дурдсан захидлуудыг дэлгэсэн юм.

 “Өнөөг хүртэл нийтэлсэн баримт бичгүүд нь нууцын зэрэглэлд хамаарах ямар ч шинж тэмдэг байхгүй байна” гэж АНУ-ын ТТГ дээрх захидлуудыг нийтэлж эхэлсний дараа мэдэгджээ.

Жон Оуэн Боеннан анх 1980 онд ТТГ-ын ажилтан болсон бөгөөд 2005 он хүртэл ажилласан байна. Хожим нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн терроризмтой тэмцэх асуудал хариуцсан зөвлөх болжээ. Жон Бреннан 2013 онд ТТГ-ын даргын албан тушаалд томилогдсон байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ