Путин ажиллагаагаа зөвтгөхийг оролджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-23 11:33:48

СОЧИ. /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирид явуулж буй ажиллагаагаа зөвтгөхийг оролдсон байна.

Өчигдөр тэрбээр ОХУ-ын өмнөд нутгийн Сочи хотод болсон олон улсын улс төрийн шинжээчдийн хуралдаанд үг хэлжээ.

ОХУ-ын агаарын цохилт өгөх ажиллагаа “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байгаа Сирийн Засгийн газрын хүчинд дэмжлэг үзүүлэх зорилготой гэж тэрбээр мэдэгдсэн боловч Сирийн сөрөг хүчинд агаараас цохилт өгч байна гэж Өрнөдийн орнууд ОХУ-ыг буруушааж байна.

Ойрхи Дорнод дахь террористуудын тоо олноор нэмэгдэж байгааг Путин онцлоод, Сирийн сөрөг хүчнийг зэвсгээр хангах ажиллагаа босогчдод ашигтайгаар эргэж, тэд зэвсэгжиж байна гэж мэдэгдсэн байна.

Зөвхөн “Лалын улс”-ыг л террорист бүлэглэл гэж АНУ үзэж байгаа нь алдаа юм гэдгийг Путин онцлон тэмдэглэв. Учир нь Путин Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч хүчнүүд болон “Лалын улс”-ын аль алиныг террорист бүлэглэл гэж үзэж байна.

АНУ, ОХУ, Турк, Саудын Аравийн Гадаад хэргийн сайд нар Австрийн Вена хотод өнөөдөр уулзаж, Сирийн асуудлаар хэлэлцээ хийнэ. Гэвч асуудал амар шийдэгдэх төлөвгүй байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ