Иргэн Б: Энэ хогон дунд өчнөөн их мөнгө хэвтэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-12 08:18:20

Дундговь/МОНЦАМЭ/ Энэ хог дээр зөндөө мөнгө байна шүү дээ гэж нэгэн иргэн хэлж байна. Тэрээр Мандалговийн хог хаягдлын талбайгаас хуванцар сав цуглуулж, Улаанбаатар хотод аваачиж худалддаг. Нэг кг- ыг 450 төгрөгөөр хоёрдогч түүхий эд авдаг цэгт өгдөг байна.

Ажлын байр байхгүй гээд суухын оронд хогийн цэгээс ингэж орлоготой байх нөхцлөө бүрдүүлж байгаа  гэж тэрээр хэлсэн. Дундговь аймгийн иргэн биш,  Улаанбаатар хотоос ирж 11 дэх өдрөө хуванцар сав түүж байгаа гэсэн юм. Иргэн Б- тэй ярилцахад:

- Таны ажлыг саатуулсанд уучлаарай.Эндээс та зөвхөн хуванцар сав цуглуулж байна уу? Эсвэл бас архины шил...

- Хуванцар сав л түүдэг дээ. Архины шилээс зөвхөн голд чингис, болорын шил л хэрэгтэй байдаг.

-Та яагаад Улаанбаатарт биш энд ирж хуванцар сав цуглуулж байгаа вэ?

- Хүний амьдрал шүү дээ. Хотодод ажилгүй байхаас энд хүн ажлын байр  гаргаад өгч байхад ирэлгүй яахав.

-Аан, хуванцар сав цуглуулаад өгөөч гэж өөр хүн таныг ажиллуулж байгаа юм байна, тийм үү?

- Тийм ээ. Нэг танил маань ажиллуулж байгаа.

-Та хэдэн төгрөгийн ажлын хөлс авах вэ?

-Нэг өдөрт 30 мянган төгрөгөөр тооцож авна. Тав хоногийн хугацаатай ирсэн. Гэхдээ өнөөдөр 11 дэх өдрөө ажиллаж байна.

-Энэ хугацаанд хэр ихийг цуглуулж чадав?

- 700- аад боодлыг бэлдлээ. Энийг чинь навшийлгаж оворгүй болгоод шахаж багцлан боодог юм. Тэгээд нэг тонн болохоор нь  портер машинд ачаад хот руу аваачна.

-Хотод хаана аваачдаг вэ?

- Толгойтод 2-3 цэг байдаг юм. Тэнд өнгө өнгөөр нь ялгаад бутлагч машинаар жижиглээд хятад руу гаргадаг. Буцаад бөглөөтэй хуруун шил шиг болгоод оруулж ирдэг. Түүнийг халуун уураар үлээлгээд л ус, ундааны сав болдог юм билээ.

-Таныг арваад хоног энд ажиллахад энэ орон нутгийн өөр хүмүүс ирж хуванцар сав цуглуулж байна уу?

-Хоёр эмэгтэй байнга ирдэг.Саяхан тэр хоёр цуглуулсан саваа хотод аваачиж тушаачихаад ирсэн гэсэн. Одоо ингэсгээд л ирнэ дээ. Тэнд овоолчихсон байгаа савнууд тэр хоёрынх.

- Орой та хэдэн цаг ажлаа дуусгах уу?

-Гэгээ тасартал явна.

-Өдөржин хог дундуур явах тийм ч амаргүй байх. Өнөөдөр ядахад салхи ихтэй, хог замбараагүй бужигнаж байна?

-Яахав, тэгтлээ ч ядраад байгаа юмгүй дээ. Энэ хогон дунд зөндөө их мөнгө хэвтэж байна ш дээ. Хөдөлж л байж хөлс олно. Хамаагүй ашигтай байна. Зөвхөн ил харагдаж байгааг нь хар л даа. Хогон овоолгыг онгичвол өшөө их гарч ирэх байлгүй.

- Ярилцсанд баярлалаа.

Хуванцар сав болон гялгар уут дахин боловсруулдаг түүхий эд. Хэрвээ  дахин боловсруулах үйлдвэр байвал хог дээр их хэмжээгээр хаягдаж байгаа хуванцар сав, гялгар уут үйлдвэрлэлийн түүхийн эд болж хувирна. Одоогоор тийм нөхцөл Дундговь аймагт хараахан бүрдээгүй. Харин хөрс бохирдуулж, хаашаа ч далдруулж болохгүй хог хаягдал болон хөглөрч байгаа хувцанцар савыг орон нутгаас иргэд ийнхүү Улаанбаатарт аваачиж, орлого олох эх үүсвэр болгож байна.

Т. Отгонтуяа 

 

Холбоотой мэдээ