Зорилтот бүлгийн 330 иргэнийг нүдний үзлэгт хамруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл\МОНЦАМЭ\ Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг АНУ, ОХУ, БНСУ, ХБНГУ, Япон, Австрали зэрэг орнуудтай эрүүл мэндий салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Пусан хотын нүдний их эмч И.Сан Ху-гаар ахлуулсан эмч нарыг баг Хөвсгөл аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллаж зорилтот бүлгийн 330 иргэнийг үзлэгт хамруулж, 300 хүнд нүдний шил таруулж өглөө.
Энэ үеэр иргэдийн дунд хурц нар, шороо тоос, салхинаас нүдээ хамгаалдаггүйн улмаас үүссэн гэмтэл их байна. Мөн нүдний шилийг иргэд нүдний эмчээр бус нүдний шил зардаг газруудад таруулуулж нүдэндээ тохирохгүй шил зүүсний улмаас хараа нь улам муудсан зэрэг тохиолдол гарсан. Иймээс эрс тэс уур амьсгалтай монгол орны хүмүүс нүдээ хамгаалах шил зүүж сурах шаардлагатай байна гэдгийг Пусан хотын нүдний их эмч И.Сан Ху хэлж байлаа. Энэ удаагийн үзлэг оношилгоог Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд Пусан хотод ажлын айлчлал хийхдээ тавьсан саналын дагуу эмч нарын баг ирж зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлжээ.
Б.Гантуяа