“Эрдмийн ундраа” цогцолбор сургууль “Түүхэн алдрын танхим”-тай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-04-10 18:01:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн хамгийн анхны цогцолбор “Эрдмийн ундраа” сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баяр энэ онд тохиож байна.

1997 онд нийслэлийн 54, 77, 78 дугаар сургуулийг нэгтгэж цогцолбор сургууль болсон түүхтэй. Ойн баярыг угтаж тус цогцолбор сургуулийн түүхэн замналыг харуулах “Түүхэн алдрын танхим” музейг тохижуулж өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд тус цогцолбор сургуулийн төгсөгч нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, үе үеийн багш ажилчид, тус сургуулийн төгсөгч урлаг спорт, төр нийгмийн зүтгэлтнүүд, БГД-ийн ЕБС-ийн удирдлагууд болон эцэг эхийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, “20 жилийн өмнө Монгол Улсад цогцолбор сургууль үйл ажиллагаагаа эхлүүлж байхад миний бие ахлах сургуульд нь суралцаж байв. Өнгөрсөн хугацаанд бий болгосон үнэт зүйлсээ мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой энэхүү музей нь сургуулийн ойн баярт томоохон бэлэг болж байна. Энэ музей залуус, сурагчдад үлгэр дууриалал болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Тус цогцолбор сургуулиас УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Сумъяабазар, Сумо бөхийн их аварга Д.Дагвадорж, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан гээд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, урлаг спортын алдартан, эрдэмтэн мэргэд олноор төрөн гарсан юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ