Ардчилсан нам байгуулагдсаны 27 жилийн ойд зориулсан 224 бөхийн барилдаан эхэллээ

Монголын мэдээ | Спорт
batsaikhan@montsame.mn
2017-04-08 16:05:04

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Ардчилсан нам байгуулагдсаны 27 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ  арга хэмжээнд зориулсан хүчит 224 бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагт  Бөхийн өргөөнд эхэллээ.

Үндэсний бөхийн барилдаанд аварга С.Мөнхбат, арслан Н.Бүрэнтөгс, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан нар магнайлан барилдаж байна. Одоогоор бөхийн барилдааны нэгийн даваа өндөрлөх дөхөж байна. Бөхийн барилдааны хоёрын даваа эхлэхийн өмнө Хөдөлмөрийн баатар,  гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх  "Монгол бөхийн ов мэх." гурван боть номын нээлтээ хийнэ. Түүний номын нээлтэд оролцохоор өргөл үг бичсэн Ардын уран зохиолч Т.Галсан хүрэлцэн иржээ, тэрбээр "Дархлагдсан аварга Х.Баянмөнх  бол биеийн бяр хүчээс гадна оюуны бяр хүчтэйгээ харуулсан гурван боть ном бүтээсэн хүн. Үүнийг уншаад үзэхээр бөхийн салбартаа академич болсон шиг харагдаж байна" хэмээв. Х.Баянмөнх аварга мөн ардчилсан хөдөлгөөнийг анхнаас нь дэмжин АН-аас нэр дэвшиж УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан гэдгийг АН-ын удирдлагууд дурсав. АН-ын 27 жилийн ойн бөхийн барилдаан үргэлжилж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ