С.Бямбацогт: Монголд оффшор бүсийн орнуудын хөрөнгө оруулалттай 920 компани бий
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тус хуулийн төсөлд хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан тушаалтнууд оффшор бүсэд данстай байх, мөнгө байршуулах, улмаар компани байгуулж хөрөнгө оруулалт хийхийг хориглож буй. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 19-нд байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын гишүүд “оффшор бүст данс эзэмшигч төрийн албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох талаар тодорхой заалт ороогүй байгаа тул ажлын хэсэг дахин хуралдах шаардлагатай” гэсэн санал хэлсний дагуу түр хойшлуулаад байсан юм.
Байнгын хорооны гишүүдийн зүгээс оффшор бүст ямар улсуудыг хамруулж байгааг тодруулав. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, “ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг байгууллагуудаас жил бүр мөнгө угаах, хууль бусаар олсон хөрөнгөө нуух боломжийг бүрдүүлсэн улс орнуудын жагсаалтыг гаргадаг. 2015 онд Сингапур, Хонгконг зэрэг 42 орныг нэрлэсэн. Байнгын хороогоор хэлэлцэж буй энэхүү хуулийн төсөлд оффшор бүст аль орнуудыг багтаах вэ гэдгийг Засгийн газар тогтоохоор тусгасан гэсэн тайлбар хэллээ. Мөн үеэр Ж.Батзандан нарын гишүүдээс оффшор бүсийг тогтоох ажлыг УИХ хариуцах ёстой гэсэн санал хэлсэн юм. Ажлын хэсгийн зүгээс улс орнуудыг оффшор бүст оруулах асуудлыг УИХ шийдвэрлэх нь гадаад харилцаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэсэн тайлбар өглөө.
Мөн үеэр байнгын хороон дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар Монголын хэдэн иргэн оффшор бүсэд данстай байгааг тодруулав. Ажлын хэсгийн зүгээс “Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумын мэдээллээр Монголын 49 иргэн оффшор бүсэд данстай байгаа тухай мэдээлэл ил болсон. Мөн тус бүсэд монголын 17 тэрбум ам.доллар байгаа тухай мэдээлэл ч нийгэмд тархаад байна. Одоогоор нэр дурьдсан хүмүүсийг шалгах ажил үргэлжилж байгаа ч оффшор бүсийн орнуудын хууль, эрхзүйн орчин чанга тул мэдээлэл авахад хүндрэлтэй байна” хэмээн тайлбарлав.
АТГ-ын дарга Х.Энхжаргал, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсны дараа Монгол Улс нь оффшор бүсээс албан ёсны мэдээ, баримт авах эрх зүйн орчин бүрдэнэ” гэлээ.
ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нэрлэсэн 42 орноос Монгол Улсад 1990-2015 онд нийт 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсон гэдгийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт дурьдав. Тэрбээр, “Монгол Улсад 110 орны хөрөнгө оруулалт бүхий 13 мянга 140 компани бүртгэлтэй байгаагаас 920 нь оффшор бүсийн орнуудынх. Тиймээс бизнес эрхлэгчид оффшор бүст данс эзэмшиж болно. Харин төрийн албан хаагч л данс эзэмшихийг хориглоно” гэлээ.
Түүнчлэн хуулийн төсөлд төрийн албан хаагчийн гэр бүлийн гишүүдийг оффшор бүсэд данс эзэмшихийг хориглож байгаа нь учир дутагдалтай гэдгийг УИХ-ын гишүүд шүүмжлээд найз нөхөд, ах дүү, хамаатан садан гээд бүх хүмүүсийг нь хамруулах хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. Ажлын хэсгийн зүгээс уг саналыг хүлээж авах боломжтой хэмээсэн юм.
Хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн 39 мянга 800 гаруй албан тушаалтныг бүгдийг нь хамруулж шалгахад хүндрэлтэй. Тиймээс авлигад өртөх магадлалтай 301 албан тушаалд ажиллах хүмүүст л хуульд заасан шаардлагыг тавих нь зөв гэдгийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэлсэн юм.
Ийнхүү Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэх болов.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ