Залуу багш нарын анхдугаар зөвлөлгөөн болж байна

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2017-04-07 09:56:54

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Залуу багш нарын  холбоо хамтран “Чадварлаг залуу  багш”  хэмээх  залуу  багш нарын анхдугаар зөвлөлгөөнийг  04 сарын 06-08-ний өдрүүдэд  зохион байгуулж байна.

Уг  зөвлөлгөөний  зорилго нь Залуу багш нарын мэдлэг ур чадварыг  тасралтгүй  хөгжүүлэх,  хамтран ажиллах, тэдний санаа бодлыг сонсох, үнэлэлт, дүгнэлт өгч зөвлөмж гаргах, багш мэргэжлийг сурталчлах, таниулах, мэдлэг туршлагаа харилцан солилцох боломжийг бүрдүүлж, багш нарын идэвхтэй хамтын ажиллагааг бий болгоход чиглэж байлаа.

Зөвлөлгөөнд Ховд аймгийн 17 сумын Сургуулийн өмнөх  боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн 170 гаруй залуу багш оролцсон байна.

Зөвлөлгөөний нээлтийн үйл ажиллагаа Ард Аюушийн  талбайд болж,  Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Ахмад багш нарын “Эрдмийн оргил” холбооны дарга Б.Мөнхнасан нар оролцож залуу багш нарыг дэмжин уялдаа холбоотой ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Мөн талбайд болсон уг нээлт дээр сум, аймгийн төвийн сургуулийн залуу багш нар өөрсдийн бэлтгэсэн нийтийн бүжгийн үзүүлбэрийг оролцогч нарт толилууллаа.

Зөвлөлгөөн Гэр бүл хөгжлийн хэлтсийн ордонд үргэлжилж, Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди залуу багш нар хандаж  “Монгол уламжлал ёс заншлаа хүндлэн  дээдэлсэн чанартай боловсролын үйлчилгээг нэвтрүүлж, боловсролын тогтолцооны  тогтвортой хөгжлийг хангах нь багшийн чадвараас шалтгаалж байна. Багшийн хөгжил нь боловсролын салбарын өөрчлөлт, хөгжлийн үндэс юм. Тиймээс аймгийн ИТХ, ЗДТГ, БСУГ-ууд хамтран  ажиллаж  сургууль, Цэцэрлэгийн орчин, суралцах арга барилыг  сайжруулахад  хөрөнгө оруулалтын бодлогоо чиглүүлэн ажиллаж байна. Ингэхдээ Аймгийн ИТХ-ын  баталсан Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүх шатны боловсролын үйлчилгээнд стандартад суурилсан тогтолцоог бүрдүүлж, сургуулийг  “Хөгжлийн төв” болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Түүнчлэн багшийг хөгжүүлж  чадавхжуулах, ажиллах орчин нөхцлийг сайжруулах “Багшийн хөгжлийн ордон”-г байгуулахаар болсон бөгөөд иргэд, сургуулийн хамтын оролцоог сайжруулахад чиглэсэн “Сургууль-хүний  хөгжлийн төв” дэд хөтөлбөр, Орон нутгийн онцлогтой уялдуулан “Номын гэгээ” дэд хөтөлбөр, "Чадварлаг ховдчууд” дэд хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж боловсролын үйлчилгээг ил тод, эгэх хариуцлагатай болгож олон нийтийн оролцоот сургуулийг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Мөн 4 цэцэрлэг шинээр барьж, 4 сургууль, 11 дотуур байрыг өргөтгөн засварлах  ажлыг эхлүүлэх гэж байна” хэмээн ярьсан юм.

Харин аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг “Номын цагаан буяныг түгээн  дэлгэрүүлэх үйлсэд хөдөлмөрлөж буй залуу багш нарт хандан “Багшийн ёс зүй”-г чанга баримтлан нийгмийн манлайлал болж ажиллах”-ыг уриалсан юм.

Зөвлөлгөөний үеэр “Залуу багш нарын хөгжил” сэдэвт лекц, “Чадварлаг залуу багш ба нийгмийн хөгжил” сэдэвт илтгэлийн уралдаан, “Чадварлаг залуу багш” төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах салбар зөвлөлгөөн болж, нэгдсэн хэлэлцүүлэг өрнөж  залуу багш нар төдийгүй  иргэд, олон ийтийн саналыг хүлээн авлаа. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ