АНУ ба БНХАУ-ын удирдагчид Дээд хэмжээний уулзалт хийж байна

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2017-04-07 08:11:59

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Флорида муж улс дахь хувийн амралтын газартаа БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй анхны Дээд хэмжээний уулзалтаа хийж байна.

Си болон түүний гэргий пүрэв гарагт Флоридад хүрэлцэн ирсэн юм. Тэднийг өнгөрсөн сард Хятад улсад айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон угтан авчээ. Д.Трамп гэргийн хамт “Air Force One” нисэх онгоцоор тус муж улсад очсон байна.

Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө улам боловсронгуй болгосоор байгаа Умард Солонгостой холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг хоёр улсын удирдагчид голлон хэлэлцэх бололтой.

Вашингтоны мэдэгдсэнээр, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудад үндэслэн Умардын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг Бээжин тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Харин АНУ болон Умард Солонгос яриа хэлэлцээ хийх нь чухал гэж БНХАУ үзэж байгаа ажээ.

Флорида руу явж байх замдаа Д.Трамп сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Би Ситэй худалдааны асуудлыг хэлэлцэнэ” гэжээ. Тэрбээр хэлэхдээ “Хятад улс АНУ-тай олон жилийн турш шударга бус худалдаа хийсээр ирсэн байна” гээд, тус улстай АНУ-ын байгуулсан худалдааны хэлэлцээрүүдийг “аймшигтай” гэж тодорхойлжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ