Хоёрдугаар цэцэрлэг галын аюулд өртөхөд ойрхон байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2017-04-06 22:13:57

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Улаангом сумын Хоёрдугаар цэцэрлэгийн дээврийн битүүмж алдагдсанаас ангиуд руу нь ус орж, улмаар цахилгааны монтаж гэмтэж галын аюултай нөхцөл байдал үүсэхэд ойрхон болоод байна.Тус цэцэрлэгт Улаангом сумын 5, 11-р багийн 280 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг байна. Гэтэл хэзээ мөдгүй гал гарах аюулын харанга дэлдэж, зарим ангийн чийдэн, цахилгааны утас шатжээ. Энэ асуудалд тус багаас аймгийн ИТХ-д сонгогдсон С.Анхбаяр анхаарал хандуулж, аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын газрын дүгнэлт гаргуулсан байна. Тэрчлэн өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболдыг Хоёрдугаар цэцэрлэгийн нөхцөл байдалтай танилцуулжээ. Засаг даргын орлогч энэ асуудлыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдэд танилцуулж хэрхэн засах талаар дүгнэлт гаргуулахаар болсон байна. Мөн аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж, төсвийн тодотголд тусгахаар болжээ.

“Төсөв хүнд байгаа гээд энэ асуудлыг хойш нь тавьж болохгүй, хэрэв ямар нэгэн байдлаар гал гарлаа гэхэд 280 бяцхан үрсийн маань амь нас, эрүүл мэнд яригдах болно. Уг нь тус барилгад 2013 онд 135 саяар их засвар хийсэн гэсэн. Гэвч гүйцэтгэгч компани ажлаа чанаргүй, сэтгэлгүй хийсэн нь анзаарагдаж байна” хэмээн аймгийн ИТХ-ын тэргүүлэгч С.Анхбаяр хэллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ