Зам дагуух үйлчилгээний газруудаар орохдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2017-04-06 18:50:42

Хэнтий /МОНЦАМЭ/. Зам дагуух үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа байдал анхаарал татаж байна.

Хэнтий аймгийн нутгаар дайран өнгөрч байгаа Чингис-Улаанбаатарыг холбосон засмал замын дагуух Мөрөн, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдад зам дагасан бизнес эрхлэн ажил орлоготой болж байгаа иргэд цөөнгүй байгаа нь сайшаалтай. Гэвч “сайны хажуугаар саар” гэгчээр замын гуанз, баар, буудлуудаар үйлчлүүлсэн явуулын иргэд хувцас, эд зүйлээ мартаж явсан үед зарим үйлчилгээний газрууд телекамергүй, камержуулсан боловч чанарын шаардлага хангахгүй байгаагаас асуудлыг шалгаж шийдвэрлэхэд хүндрэл учруулсан, тухайн газрын ажилчид нь хүний орхисон эд зүйлийг нууж ашигласан тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Иймээс үйлчилгээ эрхлэгчдийг Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 06 дугаар тогтоолын дагуу гуанз, баар, зочид буудлынхаа гадна, дотор орчныг чанарын шаардлага хангасан телекамераар бүрэн хянах,ажилчдынхаа үйлчилгээний ёс зүй, харилцааны соёл, шударга байдалд хяналт тавихыг санууллаа. Мөн зорчигч иргэдийг замын үйлчилгээний газруудад согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, цүнх сав, хувцас, эд зүйлээ биеэсээ салгахгүй, байнга шалгаж байхыг Хэнтий аймгийн Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгаас зөвлөлөө.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ