Эрчим хүчний ажилтнуудын спортын таван төрөлт их наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-06 18:19:19

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн төв Чингис хотноо өнөөдөр Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ /БЗӨБЦТС/ ТӨХК-ийн аварга шалгаруулах ХVI их наадам ёслол төгөлдөр эхэллээ.

Нийт ажиллагсдынхаа эрүүл мэнд, бие бялдрыг дэмжих зорилготой энэхүү спортын арга хэмжээ Хэнтий аймагт 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, дартс, шатар гэсэн 5 төрлөөр 2 өдрийн турш үргэлжлэх юм.
Энэ удаагийн спортын их наадам Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой, Хэнтий ЦТССалбар үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Наадамд компани, харъяа салбарын нийт 518 ажиллагсдыг төлөөлж 140 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож байгаагаас Спортын мастер 5, Дэд мастер 2, Спортын 1,2,3 дугаар зэрэгтэй 20 гаруй тамирчид өрсөлдөж байна.
Өнгөрсөн 2016 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн хамт олон нь үйл ажиллагаагаараа Монгол Улсын төрийн өмчит компаниудаас тэргүүн байр, Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудаас дэд байранд шалгарсан томоохон амжилтыг гаргасан юм.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ