Хангай суманд шар усны үерт 130 гаруй өрх өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-06 15:46:04

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хангай сумын төвийн урд хэсгээр урсдаг Хөхдаваа голын халиа урссаны улмаас 2 дугаар сараас эхлэн Ноёнхангай багийн /сумын төв/ Хөхдаваа, Түмэнсант зэрэг гэр хорооллын 138 өрхийн 104 хашаа, байшин усанд автжээ.

Тус сумаас хүн хүч дайчлан бүл муутай 16 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, хувиараа 30 гаруй айл хашаанаасаа нүүжээ.

Харин аймгийн Онцгой байдлын газраас ажлын хэсэг гарч тус суманд ажиллахдаа сумын Онцгой комиссыг хуралдуулж орон нутгаас 100 иргэн, 4 автомашиныг дайчлан Хөхдаваа голын дагуу 2 км газар шороон далан босгож, голын мөсийг цөмлөх ажлыг хийжээ.

Шар усны үерийг тогтоох суваг шуудуу татах, хайрга шороо зөөх, айл нүүлгэх зэрэгт нийтдээ 3115800 төгрөгийн бензин шатахууны зардал гарчээ. Харин өрх иргэдэд 2513300 төгрөгийн хохирол учирсан байна. Сумын удирдлагын зүгээс иргэдэд учирсан хохирлыг барагдуулахад дэмжлэг хүсч байгаа тухай хүсэлтээ аймгийн Онцгой комисст хүргүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар шар ус дахин түрээгүй, ус ихтай байгааг Хангай сумаас мэдээллээ.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ