Дэлхий даяар нас барж буй 10 хүн тутмын нэг нь тамхинаас болж хорвоог орхидог

Дэлхийд | Эрүүл мэнд
sarnai@montsame.mn
2017-04-06 15:35:19

НЬЮ-ЙОРК./BBC/. Дэлхий даяар нас барж буй 10 хүн тутмын нэг нь тамхины хор уршгаас үүдэн хорвоог орхидог бөгөөд нас барагчдын тал хувь нь Хятад, Энэтхэг, АНУ болон ОХУ-ын иргэд байна гэж саяхан явуулсан нэгэн судалгаагаар тогтоожээ.

Хэдэн арван жилийн турш тамхины хяналтын бодлого хэрэгжүүлж, хор уршгийг нь сэрэмжүүлсээр байгаа боловч тамхи татдаг хүмүүсийн тоо өссөөр л байна.

Судлаачдын үзэж байгаагаар, тамхи үйлдвэрлэгчид шинэ зах зээлийг эрэлхийлэн ялангуяа хөгжиж буй орнууд руу эрчимтэй чиглэн бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа нөхцөлд нас баралтын тоо цаашдаа өссөөр байх ажээ.

Эрүүл мэндийн “The Lancet” сэтгүүлд тамхины хор уршгийн талаар доктор Эммануэл Гакидоу бичихдээ “бүхэл бүтэн хагас зууны туршид тамхины хор уршгийн талаар эргэлзээгүй баттай баримтын үндсэн дээр анхааруулсаар байгаа атал өнөөдөр дэлхий даяар 4 эрэгтэй хүн тутмын нэг нь тогтмол тамхи татаж байна” гэсэн байна.

Мөн тэрбээр цааш нь бичихдээ “тамхи нь залуугаараа нас барах болон хөгжлийн бэрхшээлтэй болоход хүргэдэг 2 дахь том эрсдлийн тоонд ордог бөгөөд бид энэ байдлыг багасгах, тамхидалт эрчимтэй өсч байгааг хязгаарлах, түүнтэй холбоотой бусад хүндрэлүүдийг багасгахын тулд тамхины хяналтыг эрчимжүүлэх шаардлагатай байна” гэсэн дүгнэлт хийлээ. 

ДЭМБ-ын Global Burden of Diseases тайлан буюу өвчнөөс үүдэлтэйгээр дэлхийн дахинд учирч буй дарамт хүндрэлийн талаарх тайланг 1990-2015 оны хугацаанд дэлхийн 195 оронд хийсэн судалгааны баримтууд дээр үндэслэн гаргажээ. Тайланд дурдсанаар, 2015 оны байдлаар нэг тэрбум орчим хүн өдөр бүр тамхи татдаг бөгөөд 4 эрэгтэй хүн тутмын нэг нь, 20 эмэгтэй хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн тоо гарчээ. Энэ нь 1990 оны үзүүлэлтээс багассан тоо бөгөөд тухайн үед 3 эрэгтэй хүний нэг нь, 12 эмэгтэй хүний нэг нь тамхи татдаг байжээ. Гэсэн хэдий ч хүн амын өсөлтөөс шалтгаалан нийт тамхичдын тоо өссөн байна. Үүний сацуу, тамхинаас болж нас барсан хүмүүсийн тоо 6,4 сая буюу 4,7 хувиар өсчээ.

Зарим улс орнууд тамхины татварыг өсгөх, тамхины хайрцган дээр нь сэрэмжлүүлэх зураг тавих, тамхины хор уршгийн талаар боловсролын тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зэргээр хүн амын дунд тамхидалтыг бууруулж чадсаныг дээрх тайланд дурдсан байна. Тухайлбал, Бразилд 25 жилийн өмнө нийт эрэгтэйчүүдийн 29 хувь нь өдөр бүр тамхи татдаг байсан бол одоо энэ тоо 12 хувь болж буурчээ. Харин бразил эмэгтэйчүүдийн хувьд 19 хувиас 8 хувь болж буурсан байна. 

Харин Бангладеш, Индонез болон Филиппин улс дахь тамхидалтын үзүүлэлт 1990-2015 оны хугацаанд огт өөрчлөгдөөгүй аж. ОХУ-ын хувьд, мөн хугацаанд тамхи татдаг эмэгтэйчүүдийн тоо 4 хувиар өссөн ба ийм хандлага Африкийн зарим оронд ажиглагдаж байна.

Х.Сарнай 

 

 

 

 

Холбоотой мэдээ