Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдагдсын дийлэнх нь 41-50 насных
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт мэргэжлээс шалтгаалах өвчнөөс болж хөдөлмөрийн чадвараа алдсан 3587 хүн байдаг байна. Үүнээс 60 хувь нь эрчүүд, 73 хувь нь боловсролгүй, дийлэнх нь 41-50 настай хүмүүс байна.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” жил бүрийн 4-р сарын 28-ны өдөр тохиодог. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачилсан энэ өдрийг угтаж Архангай аймаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй 2017” сарын аяныг эхлүүллээ.
Энэ хугацаанд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 20-иос дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагуудаар явж хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа, түүнийг хангуулахад чиглэсэн сургалт сурталчилгааны ажлууд хийх юм. Мөн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс өөрийн ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эмчийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулж, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн сургалт, АСТ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сарын аяныг аймгийн ЗДТГ, МХГ, ЭМГ, ХХҮГ, ОБГ зэрэг байгууллагууд хамтран явуулж байгаа бөгөөд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудаар явж, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах, хөдөлмөрийн чадвараа алдахаас урьдчилсан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлуудыг хийж, зөвлөгөө заавар өгч ажиллана.
Б.Гэрэлт-Од