Даланжаргалан сумынхан хогноосоо салав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ЗДТГ-аас энэ долоо хоногт бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгууллаа.
Хог цэвэрлэх ажилд сумын бүх төсөвт байгууллагаууд, аж ахуй нэгжүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож сумын төвийн хойгуур дамжин өнгөрдөг босоо тэнхлэгийн авто зам буюу Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын хажуугийн орчны хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, бохирдлыг арилгаж, өнгө үзэмжийг сэргээв.
Мянганы замын босоо тэнхлэгийн энэхүү авто замаар аялагч, жуулчид, тээврийн жолооч нар өдөртөө хэдэн арваараа зорчиж, зам зуур буудаллаж хог их тарьдаг байна.
Хог цэвэрлэх ажлыг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулжээ. Даланжаргалан сумынхан сумаа хоггүй байлгах, цэвэр орчинд аж төрөх, иргэдийн ухамсрыг дээшлүүлэх чиглэлээр энэ жил тодорхой ажил зохион байгуулахаар төлөвлөж буй аж.
Х.Эрдэнэбулган