Төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-06 10:34:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр болжээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн хууль санаачлагчийн илтгэлдээ, "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр, ОУВС-гийн хөтөлбөрт хамрах гэж байгаатай холбогдуулж төсвийн нэгдмэл байдал, төсвийн тогтвортой байдлыг хангах шаардлагын үүднээс тодотголыг өргөн мэдүүллээ. ОУВС-д хамрагдахын тулд манай улс гурван тохиргоог дотооддоо хийхээр үүрэг хүлээсэн. Үүний нэг нь төсвийн тодотгол юм. Иймд бодлогын чанартай зоримог өөрчлөлтийг тодотголоор оруулж ирж байна" гэлээ.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд 2017 оны төсвийн тодотголыг боловсруулжээ.

Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд:

1.Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх;

2.Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх;

3.Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх;

4.Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох;

5.Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх;

6.Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авна гэж заажээ.

Төсвийн урсгал зарлагыг бууруулахын тулд:

1.Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулах,

2.Тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг хүн ам зүйн насны бүтцэд орж буй өөрчлөлттэй уялдуулан урт хугацаанд аажмаар нэмэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,

3.Мөн эдийн засгийн идэвхжилийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аяныг эхлүүлэх, Атрын III аяныг үргэлжлүүлэх арга хэмжээг эхлүүлэх,

4.Төсөв, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед төрийн албан хаагчийг ажлаас цомхотгохоос зайлсхийж, харин одоо авч буй цалингийн хэмжээг 2017-2018 он дуустал хэвээр хадгалах, төрийн албанаас хууль, тогтоомжид заасан эрхийн дагуу чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхийг түр хугацаанд буюу 2017-2019 он дуустал хязгаарлах,

5.Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байх,

6.Эдийн засгийн хүндрэлтэй үед зорилтот бүлгийн өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэх, оновчтой болгох ажлыг үе шаттай эхлүүлэх;

7.Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нөлөөлөл бүхий шинээр батлагдсан зарим хуулийг буцаан өөрчлөх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна.

Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэх аж.

Б.Туул

 

Холбоотой мэдээ