Том оврын тээврийн жолооч нарт сургалт явуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-06 10:16:17

Ховд/МОНЦАМЭ/. Авто замын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/86 дугаар захирамж гарсан билээ. Уг захирамжтай холбоотой захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус аймгийн нийт жолооч тээвэрчдэд “Авто замын ашиглалт хамгаалалтыг сайжруулахад жолооч, тээвэрчдийн оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс зохион байгуулжээ. Сургалтаар Ховд аймгийн Авто тээврийн төв, Мэргэжлийн хяналтын газар, “Ховд АЗЗА” ТӨХК, Цагдаагийн газар зэрэг байгууллагуудаас мэргэжлийн хүмүүс авто зам, тээвэртэй холбоотой хууль дүрэм, тулгамдаж буй асуудал, зааавар зөвлөгөө өглөө.

Энэ удаагийн сургалтад том оврын тээврийн хэрэгслэл жолооддог 40 гаруй жолооч, тээвэрчин оролцов. Тэд "Сүүлийн үед том оврын тээврийн машин жолоодож байгаа жолооч нар  тээвэр хийхэд мэргэшээгүй байна. Наад зах нь 10-20 жил тээвэр хийж мэргэшсэн жолооч нар  үнэмлэх авах эрхтэй байх ёстой" гэдэг  шаардлага тавьж байлаа. Ийм шалгуур тавихгүй байгаа учраас залуу тээвэрчид зөрчил, аюул осол гаргаж болзошгүй гэдгийг ахмад тээвэрчид анхаарууллаа. Түүнчлэн Ховд аймгийн хэмжээнд нийт 11 жолооны сургууль байдгаас аймгийн Цагдаагийн хяналтанд хоёр жолооны дамжаа үйл ажиллагаа явуулдаг. Тухайн жолооны дамжаа жолооч нарт үнэмлэх олгохдоо хяналт тавьж, шалгуурын дагуу олгодог гэдгийг Цагдаагийн газрын авто тээвэр замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн хариулж байв.

Мөн том оврын машинаар тоосго, элс, хайрга  тээвэрлэж байгаа компаниуд жолооч нарт  даац хэтрүүлж ачаа ачуулах тохиолдол агрч байгааг холбогдох компанийн захирлууд, эздэд анхааруулж өгөхийг жолооч нар хүсч байлаа.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ