Агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсийг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-05 21:15:37

Дундговь/МОНЦАМЭ/ Агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсийг Мандалговь хотын хамгийн олон хүн ам суурьшдаг хороололыг хамруулан тогтоохоор зураглалыг гаргаад байсан. Үүнийг өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн  хурлаар хэлэлцэн батлав.

Энэ бүсэд Мандалговийн баруун болон баруун урд дүүргийн айл өрхүүдээс гадна усан халаалтын болон нам даралтын зуухыг олноор ашигладаг аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж байна. Хягаарлалтын бүсийг тогтоосноор агаарын чанарыг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, тухайн бүсэд тарьж мод ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, энгийн галлагаатай зуухыг бүрэн шаталттай сайжруулсан зуухаар солих, цахилгаан халаагуур болон эко түлшний хэрэглээг нэмэгдүүлэх зэргээр хэд хэдэн ажлыг төлөвлөж байгаа ажээ.

Мандалговь хотын хувьд агаарын чанарын үзүүлэлтийг азотын давхар исэл, хүхэрлэг хийн агууламжаар тодорхойлдог. Эдгээр хий нь өнгөгүй нэгдлүүд учраас үзэгдэх орчин төдийлөн хязгаарлагдаад байхгүй, харин бохирдол өндөртэй үед ширхэглэг тоосонцор төдий чинээгээр их байдгийг байгаль орчны шинжилгээний лаборторийн гаргасан судалгаанд дурьдсан байна.

Агаар дахь бохирдуулагч бодисын агууламжийг сүүлийн 6 жилийн үзүүлэлтээс харахад жил тутам өсч байгаа боловч хүлцэх агууламжаас давсан тохиолдол хараахан илрээгүй. Гэхдээ агаарын чанарыг сайжруулах нь орхигдуулж болохгүй асуудал учраас хүн ам, айл өрхийн нягтрал ихтэй хэсгийг хязгаарлалтын бүсэд ийнхүү хамааруулж байгаа ажээ.

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ