Р.Федерер Майамигийн тэмцээнд аваргаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2017-04-03 08:15:59

МОСКВА./TASS/. Швейцарийн талбайн теннисчин Рожер Федерер АНУ-ын Майами хотод болсон Мэргэжлийн теннисчдийн холбооны Мастеруудын цувралын ээлжит тэмцээнд аваргаллаа.

6,9 сая долларын шагналын сантай тус тэмцээний шувтаргын тоглолтод тэрбээр Испанийн теннисчин Рафаэль Надалийг 6:3, 6:4 харьцаагаар хожсон байна. Тоглолт 1 цаг 35 минут үргэлжилжээ.

Тамирчныхаа замналын хугацаанд Федерер, Надаль нар нийтдээ 37 удаа учраа тааран тоглосноос энэ онд гэхэд 3 удаа хоорондоо тоглоод байна. Надаль 23 удаа хожсон бол Федерер 14 удаа ялжээ. Хамгийн сүүлд Надаль 2014 оны 1 дүгээр сард болсон Австралийн Нээлттэй АШТ-ий хагас шигшээд Швейцарийн тамирчныг буулган авсан байна. Түүнээс хойш өрсөлдөгчид 4 удаа учраа таарахад Федерер бүгдэд нь хожсон юм.

Өдгөө 35 настай Федерерийн хувьд энэ тэмцээнд түрүүлснээр теннисчнийхээ замналын хугацаанд 91 дэх удаагаа мэргэжлийн теннисчдийн тэмцээнд аваргаллаа. Тэрбээр "Их дуулга"-ы цуврал тэмцээнүүдэд 18 удаа түрүүлжээ.

Х.Сарнай 

Холбоотой мэдээ