Америкийн ЭСЯ-ны ажилтнууд Увсад ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-31 21:10:49

Увс /МОНЦАМЭ/ АНУ-ын ЭСЯ-ны Америкийн Соёл Мэдээллийн Төвүүдийн Бүс Нутгийн Зөвлөх Жон Дамикантонио, ЭСЯ-ны Цэргийн хэлтэс, иргэн цэргийн харилцааны асуудал хариуцсан ажилтан Даниэл Ли, ЭСЯ-ны Америкийн соёл, мэдээллийн төвүүдийн захирал Д.Болормаа нар энэ сарын 30-нд Увс аймагт ажиллалаа.

АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр аймгийн Төв номын санд Америкийн Мэдээллийн төв байгуулагдаж буйтай холбогдуулан тэд Улаангомд ирж номын сангийн ажилтнууд болон тус төвийн англи хэлний клубт хичээллэдэг сурагчдын төлөөлөл, англи хэлний сургагч багш нар, олон нийтийн төлөөлөлүүдтэй уулзаж ярилцан санал солилцож төвийн үйл ажиллагааны талаар зөвлөгөө өгсөн юм. Иргэн цэргийн харилцааны ажилтан Даниэл Ли аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Амраатай уулзаж аймгийн нийгмийн салбарын болон цаг үеийн асуудлаар санал солилцон тус аймагт хоёр цэцэрлэг барих төслийг холбогдох газарт өргөн барьсан талаараа танилцуулсан байна. Тэрбээр мөн аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газрын дарга, удирдлага нартай уулзаж цас, зуд, үер болон бусад гамшгийн нөхцөлд хэрхэн хамтран ажилладаг талаар асууж сонирхжээ. АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн харилцааны хэлтсийн зүгээс гамшгаас сэргийлэх, хамгаалах арга хэмжээг хэрхэн зохион байгуулж явуулах талаар ОБЕГ болон ЦЕГ-тай хамтарсан "Говийн чоно" арга хэмжээг Өмнөговь аймагт зохион байгуулж явуулсан байна.  Энэхүү үйл ажиллагааг Увс аймагт зохион байгуулж, Онцгой байдлын газрын албан хаагчдад аврах ажиллагааны талаар сургалт явуулж, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах талаар санаачлагатай ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ