Япон болон ОХУ Дээд хэмжээний уулзалтад анхаарлаа хандуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-03-31 10:21:37

ТОКИО. /Nikkei/. Маргаантай байгаа Курилын арлуудад эдийн засгийн хамтын ажиллагааг өрнүүлэх боломжийг хэлэлцэх гэж буй 4 дүгээр сарын 27-нд болох Дээд хэмжээний уулзалтад Япон болон Оросын засгийн газрууд анхаарлаа хандуулж байна.

Японы Засгийн газар Курилын арлууд буюу Хабомай, Шикотан, Кунашири болон Эторофү гэсэн дөрвөн арлыг "улсынхаа нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг бөгөөд эдгээр арлыг дэлхийн II дайны дараа Зөвлөлтийн цэргүүд хууль бусаар эзлэн авсан" гэж үздэг юм.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнгөрсөн оны 12 дугаар сард Дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ эдгээр арлууд дээр эдийн засгийн хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохиролцсон билээ. Хоёр тал энхийн гэрээнд гарын үсэг зурахад чиглэсэн гол алхам болох дорвитой төлөвлөгөөг талууд боловсруулж чадах эсэх нь  ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Түүнээс гадна Курилын арлуудад оршин сууж байсан япон иргэдэд тэнд  байгаа гэр бүлийнхнийхээ булшинд очиж, хүндэтгэл үзүүлэх боломж олгох асуудлыг хоёр улсын удирдагчид удахгүй болох Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх бололтой.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ