Шинэ загварын "Galaxy S8"-ыг танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-03-30 12:06:49

СӨҮЛ. /Yonhap/. “Samsung Electronics” компани өөрийн Galaxy цуврал бүтээгдэхүүний нэг болох шинэ “Galaxy S8” ухаалаг гар утсаа хэрэглэгчдэд танилцууллаа. Энэхүү  шинэ загвар нь урьд өмнө гаргаж байгаагүй “Bixby” гэдэг дуу хоолойг таниж хөрвүүлэх систем бүхий шинэ үеийн технологи ашигласан мөлчгөр гялалзсан загвартай юм.

Энэ шинэ бүтээгдэхүүн нь дээд зэргийн чанарын шил болон металлаар хийгдсэн хоёр хувилбараар гарах ба нэг нь спорт загварын 5.8 инчийн дэлгэцтэй, нөгөө нь түүнээс том 6.2 инчийн дэлгэцтэй байх аж.

Аль аль нь Супер AMOLED буюу өнгөний нягтрал сайтай дэлгэцтэй байх ба огт хүрээгүй байх юм. Үүгээрээ “Galaxy S7” ухаалаг гар утаснаас ялгаатай бөгөөд хавтгай эсвэл нумарсан дэлгэцгүй гэсэн үг.

“Samsung Galaxy S8” цувралаа “хүрээгүй” хийж нүүрэн талын 83 хувийг дан задгай дэлгэц байхаар хийсэн нь утсан дотроо “шумбах” мэт сэтгэгдлийг хэрэглэгчдэд төрүүлэх аж.

“Samsung Galaxy S8 болон S8 Plus нь ухаалаг утасны загвар гайхамшигтай  шинэ эрин үе рүү хөтөлж дэлхий ертөнцийг өөрөөр нээх боломжийг олгож байна” гэж "Samsung" компанийн гар утасны бизнесийн салбарын ерөнхийлөгч Ко Донг Жин бүтээгдэхүүн танилцуулах үеэр онцолсон байна.

“Galaxy S7”-той харьцуулахад “Galaxy S8” цуврал нь арай илүү урт, арай нимгэн юм. Нүүрэн талын хуруу мэдрэгчийн үүрэг гүйцэтгэж байсан Home товчлуурыг байхгүй болгосноор дэлгэцийг илүү том харагдуулж байна. Хуруу мэдрэгчийг утасны ард талд нь байрлуулснаар Home товчлуур ил харагдахгүйгээр хэрэглэгчийн хурууны даралтыг мэдэрч идэвхжих ажээ.

Энэхүү шинэчлэл нь дэлгэцийг илүү цэгцтэй харагдуулж, тоглоом тоглож, бичлэг үзэх дуртай ухаалаг утас хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлнэ гэж ажиглагчид үзэж байна.

Galaxy S8 болон Galaxy S8 Plus-гар утаснуудад салдаггүй 3,000 mAh болон 3,500 mAh-ын зайг суулгасан  нь аюулгүй байдлын үүднээс батарейны хүчин чадлыг нэмэхээс “Samsung” татгалзаж байгааг харууллаа. 

Дахин цэнэглэх үед гал авалцаж байсны улмаас “Galaxy Note 7”-г зах зээлээс эргүүлэн татаж, үйлдвэрлэхийг бүрмөсөн зогсоож байсан юм. Note 7 нь 3,500 mAh-ын хүчин чадал бүхий батарейтай байсан юм.

“Samsung” компани шинэ загвараа 4 дүгээр сарын 21-ны өдөр Өмнөд Солонгос болон АНУ, бусад томоохон зах зээлүүдэд албан ёсоор борлуулж эхлэхээр төлөвлөөд байгаа аж. Харин ямар үнээр борлуулах тухайд тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ