Боб Дилан Нобелийн шагналаа авахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-03-30 10:02:46

СТОКГОЛЬМ. /Xinhua/. 2016 оны Нобелийн утга зохиолын шагналын эзэн болсон Америкийн дуучин, ая зохиогч Боб Дилан энэ долоо хоногийн сүүлчээр Нобелийн шагналаа гардан авахаар болсон тухай Нобелийн хороо мэдэгдлээ.

Түүнийг Нобелийн утга зохиолын шагналын эзнээр тодорсныг өнгөрсөн оны 10 дугаар сард зарласан боловч тэрбээр хэл чимээгүй байсаар 12 дугаар сард болсон 8 сая швед крон буюу 900 мянган долларын мөнгөн шагналыг гардуулах ёслолын ажиллагаанд  оролцоогүй юм.

Нобелийн хорооны мэдэгдсэнээр, өдгөө 75 настай уран бүтээлчтэй тус хорооны албаны хүмүүс Шведийн нийслэл Стокгольм хотод уулзахаар болжээ. Тэрбээр ирэх амралтын өдрүүдэд тус хотод хоёр тоглолт хийнэ.

Боб Дилан өөрийн биеэр ирж илтгэл тавихгүй бөгөөд бичлэг үзүүлэх ажээ.

Хэрвээ тэрбээр энэ оны зургадугаар сар гэхэд илтгэл тавихгүй бол дээрх мөнгөн шагналыг авах эрхгүй болох юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ