"Хүн ам орон сууцны завсарын тооллого" 70 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 11:22:18

Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсийн мэдээгээр тус аймагт “Хүн ам орон сууцны завсрын тооллого" одоогийн байдлаар 70 хувьтай үргэлжилж байна.

Үндэсний Статистикийн Хорооноос хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг орчин үеийн мэдээллийн технологийн хөгжил дэвшлийг ашиглан мэдээллийн хурд, үнэн зөв, бодитой байдлыг хангасан онлайн санг бүрдүүлэн явуулж байна. Хүн амын шилжилт хөдөлгөөн, төрөлт, боловсролын түвшин зэрэг мэдээлэлд байнгын өөрчлөлт хийгдэж байдаг учраас онлайн системийг нэвтрүүлснээр тухай бүр өөрчлөлтийг тусгах боломж бүрдэж байна. Монгол Улсын иргэн Үндэсний статистикийн хорооны вэбсайтад зочилж өөрийн болон өрхийн гишүүдийнхээ мэдээллийг шалгаж баталгаажуулна. Ийнхүү иргэн бүр өөрийн болон өрхийн гишүүдийн мэдээллээ баталгаажуулж онлайн санд бүртгүүлснээр засаг захиргааны бүх нэгжийн төвшинд нэгдсэн нэг сантай шууд холбогдож мэдээлэл шуурхай, үнэн зөв, бүрэн давхардалгүй байх зэрэг нөхцөлийг нэгэн зэрэг бүрдүүлнэ. Түүнчлэн өрх, хүн амын олон төрлийн статистикийн мэдээлэл гаргах суурь мэдээлэл болж байна.

Хүн ам, өрхийн талаарх суурь мэдээлэлд тулгуурлаж иргэд ам бүлийн тодохройлолтоо цахимаар авч төрийн байгууллагууд эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, барилга орон сууцны төлөвлөлт хийх зэргээр   хуулийн хүрээнд ашиглах боломж бүрдэх юм гэж аймгийн Статистикийн Хэлтсийн мэргэжилтэн Д.Цэрэнпунцаг орон нутгийн сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ онцлов. 

 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ