Гаалийн тарифын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-22 11:16:51

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол, Япон Улсын Засгийн газар хоорондын “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-ийг УИХ энэ оны хоёрдугаар сард соёрхон баталсан. Хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд гаалийн хөнгөлөлттэй тарифын хувь, хэмжээ тогтоохоор тохиролцсон байна. Тиймээс Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд “хөнгөлөлттэй тариф” хэрэглэх заалт нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулсан талаар Засгийн газар хууль санаачлагчийн илтгэлдээ дурьджээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Төсвийн байнгын хорооны хуралдааны үед хуулийн төслийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг олонх дэмжлээ. Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ