Amnesty International: Хоригдож буй нийт сэтгүүлчдийн гуравны нэг нь Туркийн шоронгуудад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-03-28 10:24:08

АНКАРА./VOA/. “Amnesty International”  байгууллага олон нийтийн мэдээллийн хэрэгслийг боомилохоо зогсоож, шоронд хоригдож буй сэтгүүлчдийг суллахыг Турк улсын Засгийн газарт хандан уриаллаа.

“Турк улс бусад улс оронтой харьцуулахад хамгийн олон сэтгүүлчдийг шоронд хорьж байна. Дэлхий даяар хоригдож байгаа нийт сэтгүүлчдийн гуравны нэг нь Туркийн шоронд байна” гэж хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдэгдэлд дурджээ.

Өнгөрсөн онд төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гарсны дараа Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы засгийн газар уг хуйвалдаанд оролцсон гэж үзсэн хүн бүрийг нухчин дарах хатуу арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд олон арван мянган багш, төрийн албаны ажилтнуудыг ажлаас нь халсан юм.

Үүний зэрэгцээ цэргийн офицерууд, сэтгүүлчид болон дэмжигчдийг олноор нь шоронд хорьсон билээ. Туркийн засгийн газар өөрийн хийж байгаа үйлдлээ хаацайлж байгаа бол олон улсын байгууллагууд үзэхдээ, цэргийн эргэлт хийх гэсэн оролдлогыг далимдуулан өөрийн өрсөлдөгчдийг дарж, хүний эрхийг боомилж байна хэмээн буруушаасаар байна.

Энэ сарын эхээр АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Марк Тюнер энэ асуудлыг хөндөж байсан юм. Тэрбээр хэлэхдээ “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах, шударгаар шүүх, хүний эрх, эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандахыг бид Турк улсад уриалж байна” гэж мэдэгдэж байв. 

Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс ирж буй шүүмжлэлийг үл ойшоон Турк улс сэтгүүлчдийг онилсон хэвээр байна.

Бүгд Найрамдах намаас сонгогдсон Туркийн парламентын гишүүн Утку Какирозер хэлэхдээ, мэдээллийн хэрэгслүүдийн 90 хувь нь засгийн газрын хяналтанд байна гэлээ.

Одоогоор нийтдээ 153 сэтгүүлч Туркийн шоронгуудад хоригдож байна.

Х.Сарнай

 

 

 

 

 

Холбоотой мэдээ