Чилийн ахмад настнууд хувийн тэтгэврийн тогтолцоог эсэргүүцлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-03-27 12:09:06

САНТЬЯГО. /BBC/. Чили улсын нийслэл хотод хэдэн арван мянган тэтгэврийн насны ахмадууд хувийн тэтгэврийн тогтолцоог эсэргүүцэн жагсаал хийлээ.

Жагсагчид хувийн хэвшлийн сангаас зохицуулагддаг тэтгэврийн тогтолцоог хүчингүй болгохыг Ерөнхийлөгч Мишель Бачелетийн тэргүүлсэн засгийн газраас шаардсан байна.

Уг тэтгэврийн тогтолцоо нь баячуудын хувьд ашигтай, харин Чилийн ядуу буурай иргэд цалингийн доод хэмжээнээс бага тэтгэвэр авахад хүргэж байна.

2 сая гаруй хүмүүс Чилийн томоохон хотуудад болсон жагсаалд оролцсоноос зөвхөн Сантьяго хотод л гэхэд 800 мянган хүн жагсчээ.

Чили улсад хэрэгжиж буй “AFP” гэдэг хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог чөлөөт зах зээлийн тогтолцоог дэмждэг улс төрчид болон эдийн засагчид  дэмждэг юм.

Гэтэл уг тогтолцоо нь удирдах албан тушаалтнууд болон чинээлэг иргэдэд ашигтай бол Чилийн ядуу иргэдийн сард авах тэтгэврийн хэмжээг 400 доллараас бага түвшинд тогтоож байна гэж шүүмжлэгчид үзэж байгаа аж.

М.Бачелетийн удирдаж байсан эхний засгийн газар уг тогтолцоонд шинэчлэл хийж, хувийн компаниудын авч байсан шимтгэлийн хэмжээг бууруулсан байна.   

Х.Сарнай

 

 

 

 

 

Холбоотой мэдээ