Москвад болсон жагсаалын үеэр 500 гаруй хүн баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-27 11:02:19

ЛОНДОН./BBC/. Москвад болсон авлигын эсрэг зөвшөөрөлгүй жагсаалын үеэр Алексей Навальный болон түүнийг дэмжигчид болох хэдэн зуун хүнийг баривчилжээ. 500 орчим хүн баривчлагдсан гэж Дотоод хэргийн яамны Москва хот дахь газрын хэвлэлийн алба мэдэгдсэнийг Интерфакс иш татан уламжиллаа.

3 дугаар сарын 26-нд Орос даяар авлигатай тэмцэхийг шаардсан жагсаал цуглаан болсон байна. Жагсаал цуглаан хийх болсон шалтгаан нь "Авлигатай тэмцэх сан"-гаас Ерөнхий сайд Дмитрий Медведев хөрөнгө завшиж байгаа тухай нийтлэл гаргасан явдал байжээ. Медведев болон түүний төлөөлөгчид энэ талаар тайлбар хийхээс татгалзаж, энэ бол Навальныйгийн улс төрийн амбиц гэжээ.

Зөвхөн Youtube-д 11 сая гаруй хандалт авсан “Тэр та нарт Димон биш ээ” гэсэн дүрс бичлэгийг цацсаны дараа Алексей Навальный дэмжигчиддээ хандан гудамж талбайд гарч “Оросын өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгахыг шаардах"-ыг уриалсан юм.

Навальныйг "Маяковская" метроны буудлаас гарч ирэхэд нь цагдаа нар баривчилжээ. 

Түүнийг саатуулснаас хойш хэсэг хугацааны дараа Навальныйг дэмжигчид түүнийг суллахыг шаардан цагдаагийн машиныг бүслэн авчээ.

“Залуус аа, би зүгээр ээ. Намайг суллаж авах гэсний хэрэггүй. Тверийн гудамжаар цааш явцгаа. Бидний өнөөдрийн гол зүйл чинь авлигатай тэмцэх шүү дээ” хэмээн тэр саатуулагдсаныхаа дараахан “Twitter” хуудсандаа бичжээ.

Алексей Навальныйд Захиргааны зөрчлийн тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн дагуу жагсаал цуглаан зохион байгуулах журмыг зөрчсөн тухай протокол үйлджээ.

А.Навальныг баривчилсны дараа түүний үүсгэн байгуулсан "Авлигатай тэмцэх сан"-гийн ажилтнуудыг бүгдийг нь баривчилсан ба жагсаалд оролцоогүй ажилтнуудыг хүртэл баривчилсан байна.

“Энэ баривчилгаа бол тэд бидний ажлыг үнэлж байгаагийн хамгийн тод илрэл. Хулгайч нарт "Авлигатай тэмцэх сан" амар заяа үзүүлэхгүй ээ” гэж Алексей Навальный “Twitter” хуудсандаа бичжээ.

Үүнээс өмнө Медведевийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова хэлэхдээ “сонгуулийн өмнөх кампанит ажил явуулж байна, эрх баригчидтай тэмцэж байна гэж мэдэгдэж буй ял шийтгэлтэй этгээдийн "суртал ухуулгын дайралтад” ямар нэгэн тайлбар өгөх бодолгүй байна" гэсэн байна.

 

 

Холбоотой мэдээ