“Түүх өгүүлсэн он жилүүд” үзэсгэлэн нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-25 13:04:11

Булган /МОНЦАМЭ/Батлан хамгаалах Яамны харьяа Монгол цэргийн музей, батлан хамгаалах төв архивын сурталчлах өдөрлөг Булган аймагт болж байна. Энэ үеэр монгол цэргийн музейн “Түүх өгүүлсэн он жилүүд” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

-Булган аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу Монгол цэргийн музей, батлан хамгаалах төв архивын хамт олон ирж Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж байна. Тус аймгаас эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эрхэлэг, баатарлагаар тулалдаж явсан дайчид бий. Тэдний байлдааны ангийн туг болох 5, 6, 8-р дивиз, 7-р мотомеханикжуулсан бригадын байлдааны тугийг хүндэтгэн залсан байгаа. Монгол улсын түүхэнд дэх 60 гаруй баатрын 7 нь тус аймгийнхан байдаг. Хатанбаатар С.Магсаржав, гарамгай баатар Л.Дандар, хилчин баатар С.Лхагвадорж, Ж.Нэхийт, залуу жанжин Ж.Лхагвасүрэн, нисгэгч Ч.Шагдарсүрэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа зэрэг баатруудтай.

Хатанбаатар Магсаржавын бичгийн ширээ, тамганы хайрцаг, сэлэм, маузер буу, залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн дурсгалын гар буу зэрэг музейн үзмэр бичил ч гэсэн агуулгын хувьд түүхэн ач холбогдолтой үзмэр байгаа гэж Монгол цэргийн музейн ажилтан Б.Отгонбаяр ярьлаа.

Батлан хамгаалах төв архивынхан иргэдэд цэргийн алба хаасан лавлагаа гаргаж үйлчилж байна.

“Залуу жанжин” Ж.Лхагвасүрэнгийн мэндэлсний 105 жилийн ойд зориулсан энэ өдөрлөгийн нээлтэд Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, ЗХЖШ-ын захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Номт, Монгол цэргийн музейн захирал, хурандаа З.Баярмагнай, Батлан хамгаалах төв архивын дарга, хурандаа З.Эрдэнэбат нар оролцлоо.

М.Батжаргал

Холбоотой мэдээ