Ракка мужид агаарын цохилтын улмаас 30 гаруй хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-22 17:35:51

МОСКВА. /TASS/. Сирийн хойд нутагт орших Ракка мужид АНУ тэргүүтэй терроризмтай тэмцэх олон улсын эвслийн хүчний явуулсан агаарын цохилтын ажиллагааны улмаас наад зах нь 30 гаруй энгийн номхон иргэн амиа алджээ. "AFP" агентлагийн мэдээлснээр дүрвэгчдийг байрлуулж байсан сургуулийн барилга дээр бөмбөг унан дэлбэрчээ.

Тус агентлагийн мэдээлснээр, уг эмгэнэлт явдал мягмар гарагт “Лалын улс” террорист бүлэглэлийн зэвсэглэсэн этгээдүүдийн хяналтанд байгаа Эль-Мансур суурингийн өмнөд хэсэгт болсон байна.

Эвслийн агаарын цэргийн хүчин Ракка руу давшиж буй “Сирийн ардчилсан хүч”-ний курдын анги нэгтгэлүүдэд агаараас дэмжлэг үзүүлж байгаа юм. “Евфратын хилэн” гэдэг кодолсон нэртэй “Лалын улс"-ын эсрэг цэргийн ажиллагаа өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд түүнд 30 мянган цэрэг оролцож байна.

Сирийн Алеппо хотоос зүүн өмнө зүгт 160 км-ийн зайд орших Ракка хотыг “Лалын улс"-ынхан 2013 оны 3 дугаар сард эзлэн авсны дараа бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади тус хотыг "Халифатын нийслэл" гэж зарлажээ. Ракка хотод 300 мянган хүн оршин суудаг ба тэнд "Лалын улс"-ын 3-4 мянган цэрэг байгаа аж.

О.Барс

 

 


 

Холбоотой мэдээ