Цасанд төөрч, боогдсон иргэдийг эсэн мэнд олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-22 16:20:54

Увс /МОНЦАМЭ/ Өчигдөр Увс аймгийн зарим нутгаар үргэлжилсэн их цас орж, говь талын нутгаар шуурсан юм.

Цаг агаарын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын газарт цасанд төөрсөн, уруудсан, боогдсон гэх дуудлага их иржээ. Тухайлбал, Түргэн суманд малаа тосохоор явсан хоёр хүн, Тариалан суманд 3 хүүхэд ээжтэйгээ хамт малд яваад тус тус төөрчээ. Мөн Увс аймгаас Ховд аймгийн чиглэлд явж байсан Прадо маркын машинтай 4 хүн Шар бүрдийн орчимд цасанд боогдсон бол Истана маркын машинтай 10 хүн хаана яваа нь тодорхойгүй болсон байна. Үүнээс гадна Тариалан сумын Засаг дарга С.Төгсболд Хар толгой багийнхаа 10 малчныг Тээлийн боомын чиглэлд нүүлгэж яваад цасан боогджээ. Мөн Өмнөговь сумын Холбоо багт 25 настай жирэмсэн эх амаржихаар дуудлага өгсний дагуу сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Н.Дэнсмаа, жолооч Г.Алтангэрэл нар х-трайл машинтай яваад сураг тасарсан байна. Энэ дагуу аймгийн ОБГ-аас Түргэн, Тариалан, Өмнөговь сум болон Ховд аймгийн чиглэлд тус тус ажлын хэсэг гаргаж ажиллуулжээ. Тэрчлэн Өмнөговь сумынхан өөрсдөө бас эрлийн хэсэг гаргасан байна. Жирэмсэн эхийн хувьд гэртээ амаржсан бөгөөд биеийн байдал нь сайн байгаа аж.

Цасанд төөрч, боогдсон иргэдийг эсэн мэнд олсон эсэх талаар аймгийн ОБГ-ын дэд дарга Д.Өлзийтөөс тодруулахад: “Одоогийн байдлаар бид долоон хүний амь насыг аварч, 12 автомашиныг цаснаас татан гаргаж, цасанд боогдсон 68 иргэн болон 700 гаруй толгой малыг цаснаас гаргасан. Тэрчлэн цасанд дарагдсан малыг цаснаас гаргах, нүүж явсан 10 айлын малд зам гаргах ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Өнөөдрөөс энд тэнд цасанд дарагдсан гэсэн мэдээлэл нэмэгдэж ирж байгаа. Цасанд төөрч, боогдсон иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулахаар манай албанаас 6 автомашинтай 53 албан хаагч ажилласан” хэмээн мэдээллээ. Үүнээс гадна Тариалан сумын Бургастайн голд хаваржиж байгаа гурван айлын 1700 мал цасанд дарагдсан гэсэн мэдээлэл ирсэн байна. Аймгийн ОБГ-аас тус чиглэлд ажлын хэсэг гараагүй байна.

Өчигдрөөс хойш аймгийн ОБГ-т зам боогдлоо, шуурганд төөрлөө, хүн алга боллоо, мал, гэр цасанд дарагдлаа гэсэн 14 төрлийн дуудлага иржээ.

Одоогоор Улаангомоос Ховд аймаг болон Улаанбаатар хот хоорондох автозамын хөдөлгөөнийг энэ сарын 23-ны 10 цаг хүртэл түр хугацаагаар хаагаад байна. Хэдийгээр Улаангомд цас зогссон ч задгай талдаа цас орж байгаа бөгөөд говийн сумдад цасан болон шороон шуурга шуурч байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ