“Apple” компани улаан өнгийн “iPhone 7”-г танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-03-22 11:01:17

НЬЮ-ЙОРК. /Washington post/.  “Apple” компани улаан өнгийн "iPhone 7" гар утсыг худалдаанд гаргаснаа мягмар гарагт олон нийтэд танилцуулжээ.

"iPhone 7" ухаалаг гар утсыг зохион бүтээгчид улаан өнгийн гар утасны гэр болон бусад дагалдах бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Шинэ бүтээгдэхүүн нь улаан өнгийн хөнгөн цагаан гадаргуутай бөгөөд “Apple” компанийн "RED" гэдэг тусламжийн байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу энэ бүтээгдэхүүнээ гаргажээ.

Шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах арга хэмжээний үеэр “Apple” компанийн Ерөнхий захирал  Тим Күүк хэлэхдээ "гоёмсог улаан "iPhone"-ийн шинэ хувилбар нь манай компанийн "RED"-тэй хамтран гаргасан "Product RED" нэртэй хамгийн том бүтээгдэхүүн байх ба түүнийг үйлчлүүлэгчдийн гарт хүргэх өдрийг тэсэн ядан хүлээж байна" гэлээ.

Улаан өнгөтэй "iPhone 7" утсыг борлуулснаас олсон орлогын тодорхой хэсгийг ДОХ-той тэмцэх олон улсын санд хандивлах юм.

ДОХ-той тэмцэх өдөрт зориулан “Apple” компани App Store болон бусад гол аппликейшнуудаа улаан өнгөтэй болгож байгаа аж. Час улаан гар утас үйлдвэрлэхээс өмнө  "iPhone 7"-ийн өнгө нь гялтгар хар байсан бол "iPhone 6S"-ээ алтлаг ягаан сарнайн өнгөөр гаргаж байв.

Улаан өнгөтэй "iPhone 7" болон "7 Plus" загваруудын өнгө нь одоо байгаа бүх өнгөнүүдээс хамгийн содон нь болж байгаа бөгөөд 3 дугаар сарын 24-нөөс борлуулж эхлэх юм. Эдгээр загвар нь 128 Гегабайт, 256 Гегабайт гэсэн багтаамжтай ба 749 ам.долларын үнэтэй ажээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ