Завханы Цагаанхайрхан сумд халдварт менингококк өвчин илэрч өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-21 18:05:03

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж Цагаанхайрхан сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Аймгийн Онцгой комиссын хурад өнөөдөр 9.00 цагт хуралдаж яаралтай гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн Орших гэдэг газар хаваржиж буй иргэн Цогтбаатарын охин таван настай Ц.Сувд-Эрдэнэ гэнэт халуурч биеэр нь тууралт гарсан зовиуртай 2017 оны гуравдугаар сарын 18-ны өглөө сумынхаа эмчид дуудлага өгчээ. Ингээд сумын эмч багийн эмч нар өвчтөнд анхны үзлэг хийж менингококкт халдвар гэж үзэн аймгийн эмнэлэгт дуудлага өгсөн байна. Аймгийн эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж өвчтөнд клиник онош тавьж шинжилгээ, анхан шатны эмчилгээг хийж халууныг бууруулж хүүхдийн биеийн байдлыг тогтворжуулсан. Тухайн үед хүүхэд өндөр халуунтай тууралттай, зовиур ихтэй байсан. Газар дээр нь шинжилгээ хийж оношоо тавьж Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-д шинжилгээг илгээснээр хариу нь менингококк эргэлзээтэй гэсэн хариу ирсэн байна. Өчигдөр буюу 20-ны өдөр өвчтнийг аймгийн Халдвартын тасагт хэвтүүлэн анхан шатны эмчилгээ хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдийн биеийн байдал тогтворжсон, цаашид оношийг баталгаажуулах нарийн шинжилгээг давтан хийх ажээ.

Гоц халдварт өвчний нэг тохиолдлыг дэгдэлт гэж үздэг байна

Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн Орших багийн иргэн н.Цогтбаатарынх таван ам бүлтэй гурван хүүхэдтэй айл бөгөөд энэ бүс нутагт 14 айлын 37 хүн байгаа.

Энэ айлын тухайд суурин жимобайлын утастай ойр хавийн багийн айлууд утсаар ярихааар байнгын орж гардаг мэдээлэл байна. Халдварт өвчний нэг тохиолдлыг дэгдэлт гэж үздэг байна. Түүнчлэн энэхүү халдварын нууц хугацаа нь таваас 10 хоног үргэлжилдэг байна. Тиймээс энэ бүс нутагт дэгдэлтийг даамжруулахгүй байх хорио цээрийн дэглэмийг гуравдугаар сарын 18-29-ны өдрүүдэд хорио цээрийн дэглэм тогтоохыг аймгийн Онцгой комиссоос гаргалаа. Яг одоо анх гарсан голомт, хавьтлын зэргийг аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн баг ажиллаж асуумжын аргаар тандалт судалгаа хийж байна. Цаашид аймгийн Онцгой байдлын алба мэргэжлийн ангиудыг халдварын нууц үеийн хугацаанд голмтод олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх. Сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг хамар залгиурын үрэвсэлт өвчин илрүүлэх үзлэгт хамруулах. Хавьтлуудыг дахин нарийвчлан үзлэг хийх, шинжилгээ авах. Аймгийн төвийн болон сумын сургуулийн сурагчид тус голомтот ирсэн эсэхийг тодруулах. Өвчний эсрэг ващциныг захиалан, нөөцлөх, оношлуур урвалжыг нөөцлах. Ард иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлуудыг яаралтай шат дараатай зохион байгуулахыг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэлээ. Дашрамд менингококк өвчний тохиолдол 2017 он гарсаар Монгол улсын хэмжээнд долоон тохиолдол гарч нэг нас барсан тохиолдол бүртгэгджээ. Харин Завхан аймагт 2008 онд Дөрвөлжин сумд 43 настай иргэн, 2010 онд Баянхайрхан сумд 9 настай хүүхэд өвдөж дэгдэлт маягаар гарч байжээ. Өнөөдрийн байдлаар энэ өвчний вакциныг 24 сумын хоёроос таван настай 5000 хүүхдэд хийсэн. Аймгийн хэмжээнд оношлуурын нөөцгүй, хими сэргийлэлтийн нөөц хангалттай байгаа гэсэн мэдээ байна.

Халдварын бүс нутагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлана

Мөн Завхан аймагт гуравдугаар сарын 23-24-ны өдрүүдэд болох аймгийн хурдан морины бүсийн уралдааныг цуцлах шийдвэрийг аймгийн Онгой комиссоос гаргалаа.

Хавьтлын голомтот нутгаас хоёр км-ийн зайд бүсийн морины уралдаан болох гэж байгаа тул үүнийг цуцлах,  түүнчлэн хорио цээрийн хугацаанд Цагаанхайрхан сумаас гарах, орох цэгт байнгын пост ажиллуулах, сумын Онцгой комиссыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулах. Аймгаас мэргэжлийн алба, мэргэжлийн ангиудын хамтарсан баг гаргаж хүн, мал, тээврийн хэрэгслийг ариутгаж гаргах, оруулах, шаардлагагүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.  Цаашид энэ бүс нутагт амьдарч байгаа иргэд болон сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, вакцинжуулах үйл ажиллагааг хуваарийн дагуу хийхээр боллоо. Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг тус бүс нутагт зохион байгуулахыг хориглолоо. Түүнчлэн Эрдэнэхайрхан сумд гуравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд болох Завханы баруун болон хойд бүсийн морины уралдааныг цуцлах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргалаа.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ