Орос, Хятад, Монголын хил орчмын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-21 17:04:12

ЧИТ. /Interfax/. Хил орчмын хамтын ажиллагааны олон улсын анхны чуулга уулзалт 11 дүгээр сарын 17-19-нд Өвөр Байгалын хязгаарт болно гэж тус бүс нутгийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Уг форумд ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Александр Цыбульский, ОХУ-ын Сибирийн тойрог дахь тус улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Николай Рогожкин, ЮНЕСКО-гийн сайн санааны элч Ара Абрамян нарыг урьжээ.

Хил орчмын хамтын ажиллагааны олон улсын форумыг Өвөр Байгалын хязгаарын засаг захиргаа зохион байгуулж байгаа бол түнш байгууллагууд нь Оросын Худалдаа, Аж үйлдвэрийн танхим, Хятадын олон улсын худалдааны танхим, Дэлхийн банк, Оросын Аялал жуулчлалын агентлаг, ТУХН-ийн орнууд, гадаадад амьдарч буй оросуудын болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн агентлаг болон Орос-Хятадын бизнесийн зөвлөл юм.

Форумын зорилго нь Орос, Монгол, Хятад зэрэг хөрш орнуудын хооронд хөрөнгө оруулалт, эдийн засаг, нийгэм болон хүмүүнлэгийн чиглэлд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, мөн хамтарсан төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх шинжээчийн талбарыг бий болгох юм.

Арга хэмжээнд төрийн гүйцэтгэх эрх бүхий байгууллагын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, бүс нутаг хоорондын төлөвлөлт болон дэд бүтцийн салбарын тэргүүлэх шинжээчид, мөн олон нийтийн болон хүмүүнлэгийн байгууллагуудын төлөөлөгчид оролцоно.

Өвөр Байгалын хязгаарын хэвлэлийн албанаас мэдээлснээр, дээрх форумын хүрээнд Орос-Хятадын бүс нутаг хоорондын болон хил орчмын хамтын ажиллагааны асуудал зохицуулах зөвлөлийн 16 дугаар хурал болно.

Д.Жаргал

Холбоотой мэдээ