Усны зөв хэрэглээг дадал болгоход сургаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-21 11:23:54

Архангай /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд Хөвсгөл аймаг ундны усны хамгийн цэнгэг устайд, дараа нь Архангай аймаг ордог байна. Ийм учраас ундны усыг хамгаалах, зөв хэрэглээг аймгийн нийт ард иргэдэд хэвшүүлэх ажлуудыг жилийн туршид Архангай аймгийн Орхон Чулуут голын сав газрын захиргаанаас шат дараатай хийж байна.

Орхон-Чулуут голын сав газрын захиргаа нь дэлхийн усны өдрийг “Хаягдал ус” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд иргэд, ААНБ-уудын дунд олон талд сургалтуудыг хийжээ. Тухайлбал, Өндөр-Улаан, Тариат, Эрдэнэмандал, Хайрхан сумдын Ус, орчны эрүүл ахуйг сайжруулах ажлын хэсгийн ажилтнуудад ус хангамжийн эх үүсвэрүүд, тэдгээрийн эрсдлийг үнэлэх, тулгамдаж буй асуудлаа үндэслэн усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, өрхийн ариун цэврийн байгууламжаа сайжруулах талаар мэдээлэл өгч, иргэдэд зөв мэдлэг, дадал олгох,  Эрдэнэбулган сумын ЕБС-ийн “Усны элч” клубын сурагчдын дунд бүтээлч шинэлэг ажил шалгаруулах, “Усгүй бол амьгүй” сэдэвт гэрэл зургийн уралдаан, аялал жуулчлалын баазын үйл ажиллагаа явуулж буй ААН,  газар тариалан эрхлэгч  иргэд, ААН-дэд “Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нь” сэдэвт сургалтуудыг шат дараатай хийсэн байна.  

Энэхүү сургалтуудаараа усны үнэ цэнэ болоод усыг хэрхэн зөв зохистой ашиглах, хэмнэж хэрэглэх ямар аргууд байдаг, ирээдүйд цэвэр устай байхын тулд одооноос юу хийж хэвших вэ зэргийн зөв дадал болох мэдээллүүдийг өгсөн байна.

Б.Гэрэлт-Од   

 

Холбоотой мэдээ