Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-20 20:52:22
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-нд Төв аймгийн Онцгой байдлын алба газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүрээнд зохион байгуулж, гамшгаас хамгаалах арга хэмжээний талаар олон нийтэд таниулга хийнэ. 

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Төв аймгийн Онцгой байдлын албанаас “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүрээнд 17 үүрэг, чиглэлийн дагуу 12 сургууль, цэцэрлэг, аж ахуй нэгж байгууллага болон мэргэжлийн 12 албад оролцож газар хөдлөлтийн гамшгийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах талаар дадлага сургуулилтыг явуулна.

Мөн энэ өдрийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарах бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд Онцгой байдлын алба, хэлтсийн заавар зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдана гэж Төв аймгийн Онцгой байдлын албанаас мэдээллээ.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ