Сүхбаатар аймгийн хурдан морьдын уралдаан ирэх сарын 15-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-20 18:18:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн "Жавхлант шарга" морин спорт уяачдын холбоо /МСУХ/-ны нэрэмжит аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаан ирэх 4 дүгээр сарын 15-нд Мөнххаан суманд зохион байгуулагдах тов гарчээ.

Жавхлант шарга МСУХ-ны нэрэмжит аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаан нь ихэнхдээ 02 дугаар сард буюу сар шинийн баярын босгон дээр зохион байгуулагддаг. Энэ жилийн хувьд малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас хойшлогдоод байсан юм. Уяачид болоод хурдан морь сонирхогчдын хувьд хүлээлт үүсгээд байсан тус уралдааны тов ийнхүү гарч 04 дүгээр сарын 15-нд уралдааныг хийхээр болжээ.

Харин сумдын дээд гурван сумдын бүсийн уралдааныг 04 дүгээр сарын 09-нд Халзан Эрдэнэцагаан сумдад, бага 3 насны бүсийн уралдаан 04 сарын 30-нд Дарьганга, Түмэнцогт суманд хийхээр аймгийн МСУХ-ны хурлаар  шийдвэрлэжээ.

Дээрх уралдаануудад эрлийз морь уралдуудахгүй гэдгийг аймгийн МСУХ-ны тэргүүн П.Мөнхжаргал албан ёсоор мэдэгдлээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ