Мельбурн руу нисч явсан зорчигчийн чихэвч шатжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-03-16 13:15:04

МЕЛЬБУРН. /BBC/. Австрали улсын эрх баригчид онгоцны зорчигч нэгэн эмэгтэйн чихэвч дэлбэрч, шатсан тохиолдол гарсны дараа агаарын тээврээр зорчих үед зайгаар ажилладаг төхөөрөмж ашиглахгүй байхыг анхаарууллаа.

Бээжингээс Мельбурн руу нисч явсан онгоцонд нэгэн эмэгтэй зорчигч утасгүй чихэвчээр дуу сонсч байх үед чихэвч нь дэлбэрсэн байна. Энэ явдлын талаар тэрбээр Австралийн тээврийн аюулгүйн албаныханд ярихдаа “би чихэвчээр дуу сонсч байгаад зүйрмэглэсэн. Тэгээд чихэвч дэлбэрэхэд цочиж сэрсэн. Нүүрээ барьж үзтэл чихэвч хүзүү рүү унаж халуу оргисоор байсан. Тэгээд би чихэвчээ аваад газар шидэхэд оч үсрээд, шатаж байлаа” гэжээ.

Онгоцны үйлчлэгч ирж чихэвч рүү ус асган, галыг унтраасан байна. Чихэвчний зай болон гэр нь хайлсан байсан бөгөөд онгоцон дотор шатсан үс, хуванцрын үнэр үнэртэж байжээ.

Зорчигч эмэгтэйн гар, нүүр болон хүзүү нь бага зэрэг түлэгдсэн байна. Хохирогчийн нэр болон чихэвч үйлдвэрлэгч компанийн нэрийг Австралийн эрх баригчид нууцалж байна.

Австралийн Тээврийн аюулгүйн албаны мэдээлснээр, уг явдал чихэвчний литий-ионон батарейтай холбоотой аж. Тус албанаас "зорчигчид утасгүй төхөөрөмж ашиглах нь түгээмэл болсон тул ийм явдал давтагдах магадлалтай" гэж санууллаа.

Сүүлийн жилүүдэд онгоцонд төхөөрөмжүүд шатсан хэд хэдэн тохиолдол гарчээ. Тухайлбал, өнгөрсөн онд Сидней хотод онгоц хөөрөх үед нэгэн зорчигчийн гар тээшинд байсан литийн зай хураагуур /батарей/ шатсан байна.

Б.Мишээл

 

 

Холбоотой мэдээ