Сонин хэвлэлүүд Т.Батчимэгт "Их мастерын эрлэг" гэдэг хоч өгч байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-16 12:49:56

Хэнтий /МОНЦАМЭ/. Эзэн богдын тоонот нутаг Дадал суманд 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг энэ сарын 16-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнд манай улсын шилдэг эрэгтэй 12, эмэгтэй 12 оюуны спортын ноён оргилууд оролцон өрсөлдөх юм. Тэдний нэг МУГТ Т.Батчимэгт Хэнтийчүүд тун ч итгэл найдвар хүлээлгэж буй. Ингээд түүний тухай сонирхолтой нийтлэлийг уншигч танаа хүргэе.

Хан Хэнтийн цуутай хэдэн зохиолчийн нэгэн- Батширээт сумын харъяат, Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Батын Нямаа ард түмэндээ 100 гаруй зохиол бүтээл туурвин үлдээсний зэрэгцээ нэгдлийн даргаар 10 гаруй жил ажилласан, шатрын спортын 1-р зэргийн тамирчин гэх зэргээр тал бүрийн авъяас чадвартай хүн байв. Б.Нямаа зохиолчийн 7 хүүхэд бүгдээрээ шатарчин бөгөөд 6 нь Улсын аварга шатарчин, Олон улсын мастер, Дэлхийн шатрын холбооны мастер, шатрын спортын мастер, дэд мастер, 1-р зэргийн тамирчин, шатрын спортын зүтгэлтнүүд юм. Өдгөө хүүхдүүдийнх нь үр, ач зээ нар нь шатрын спортоор тив дэлхийд алдар нэрээ дуурсгаж явна. Тэдний нэг, УИХ-ын гишүүн асан Н.Түвшинтөгсийн шатарчин 4 хүүхдийн ууган охин Т.Батцэцэг улсын 3 удаагийн аварга, олон улсын мастер цолтой бол отгон охин Т.Батчимэг нь шатрын спортод жинхэнэ цахиур хагалан од болон гялалзаж байна.

***

Т.Батчимэг багаасаа шатрын спортод дурлаж, 8 настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож дээд амжилт тогтоосныг өдгөө хэн ч эвдээгүй бөгөөд Цодгор хүү тэмцээний 5, өсвөрийн улсын 4 удаагийн аварга тус тус болж, өсвөрийн дэлхийн аварга, олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон. Улмаар 2002 онд 16 настайдаа дэлхийн шатрын олимпиадад оролцож, их мастеруудыг хожин, шагналт дөрөвдүгээр байр эзэлсэн байдаг. Энэ нь 16 настай хүүхдийн хувьд том амжилт юм. Т.Батчимэг дунд сургуулиа төгсөөд АНУ-ын Балтиморын их сургуульд шатрын шугамаар тэтгэлэгтэй суралцлаа. Тэр үед Батчимэг тэнд багштайгаа ерөөлөөр учирч, шатраараа тууштай явахаар шийдэн, Их мастер болох зорилго тавиад хичээллэсэн гэдэг. Тэрбээр АНУ-д байхдаа гол амжилтуудаа тэнд гарган домог болж байв. 2006 онд АНУ-ын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо гурван эрэгтэй Их мастерыг хожиж, Их мастерын анхны нормоо биелүүлжээ. Тэгэхэд АНУ-д нэг монгол охин гарч ирээд их мастеруудыг нь ташраар нь хожчихлоо гэж дуулиан болж, сонин хэвлэлүүд түүнд "Их мастерын эрлэг" гэдэг хоч өгч байв. Тэр жилдээ шатрын спортын дэлхийн таван удаагийн аварга Сюзан Полгарын нэрэмжит нээлттэй тэмцээнд түрүүлж, мөн тэр жилээ шатрын хамгийн том нээлттэй тэмцээнд сайн тоглож, Их мастерын хоёр дахь нормыг биелүүлжээ. 

2006 онд эрэгтэйчуүдийн ангилалд тоглож, ийнхүү гялалзсан амжилт гаргасан бол 2007-2008 онд эмэгтэйчүүдийн ангилалд тоглоод 2009 онд Монголдоо иржээ. Ирсэн жилдээ Монголд зохиогдсон олон улсын тэмцээнд Их мастерын сүүлчийн нормоо биелүүлж, эмэгтэй Их мастер болов. Тэгэхэд Батчимэг 23 настай байж. 2010 онд Дэлхийн оюутны багийн аварга, Азийн наадмын шагналт 5-р байр, 2011 онд улсын аварга болов. 2012 онд олон жил хүсэн хүлээсэн Дэлхийн шатрын 40-р олимпиадад эмэгтэй багийн 2-р ширээнд тоглож, Монголын баг хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн.

2013-2014 онд Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран При цуврал тэмцээнүүдэд амжилттай тоглов. Тухайлбал, дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн номер нэг шатарчин, БНХАУ-ын Их мастер Хоу И Фаныг анхны тэмцээндээ хожиж, дэлхийн аваргыг буулган авч шуугиан тарьжээ. Тэдний чансаа их зөрүүтэй байсан болохоор бүр ч гэнэтийн зүйл болсон байх. 2014 оны АНЭ улсын Шаржахын сүүлийн цувралд хамгийн өндөр буюу 3-6-р байрыг хуваан эзэлж, эрэгтэй их мастерын норм биелүүлсэн анхны Монгол эмэгтэй шатарчин болсон. Дэлхийн шилдэг шатарчидтай тоглож, тэр нормыг биелүүлсэн нь түүний том амжилтуудын нэг яах аргагүй мөн байв. Тэр жилдээ Дэлхийн шатрын 41-р олимпиадад эмэгтэй багийн 2-р ширээнд тоглож, Монголын баг “Б” категорт түрүүлсэн. Оны эцэст цолоо ахиулж, Эрэгтэй Олон улсын мастер цол хүртсэн Монголын 2 дах эмэгтэй шатарчин болов. Орчин үеийн шатрын 200 жилийн түүхэнд уг цолонд хүрч чадсан 90 гаруй шатарчид бий.

 2015 онд Батчимэг ээж болж, их спортоос хэсэг чөлөө аваад 2015 оны сүүлчээс буцаж орж, Монголд болсон түргэн тоглолтын тэмцээнд түрүүлж, 2016 онд Монголын бүх ард түмний XIV их наадам, улсын аваргад тус тус түрүүллээ. Түүний шатрын спортод зүтгэсэн 25 жилийн хөдөлмөрийг төр засгаас үнэлж энэ жил түүнд “Монгол улсын гавъяат тамирчин” цол хүртээв.

Ид залуухан 30 настай Түвшинтөгсийн Батчимэгийн шатрын спортод од болон гялалзаж яваа түүхийг товчхон дурдвал ийм. Түүний өмнө шатрын спортын уртын урт зам зурайж байна. Учир нь оюуны энэ спортод нас жин гэх мэт зүйл нөлөөлөхгүй, ная хүрсэн ч шатраар алдраа дуурсгах боломжтой гэсэн үг.

Шинэ оны босгон дээр Хэнтий аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл Хан Хэнтий нутгийнхаа шатарчин бүсгүй Т.Батчимэгт 2016 оны “Хаан шонхор” шагналыг олгож алдаршууллаа. Шагнал хүлээн авсан баярт мөчдөө алдарт шатарчин маань, “Хан Хэнтий нутгийнхаа оны шилдэг амжилтын эзнээр шалгарна гэдэг бол маш нэр төрийн хэрэг. Энэ бол надад маш том урам өгч байна. 2016 онд Монгол Улсынхаа хоёр удаагийн аварга бөгөөд бүх ард түмний 14 дүгээр Их наадамд түрүүлж, Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд хувиараа хүрэл медаль, багаараа мөнгөн медаль хүртлээ. Мөн энэ жил Монгол Улсын гавьяат тамирчин гэдэг эрхэм хүндтэй цолыг төр засгаасаа хүлээж авлаа. Улмаар 7-р сард Чех улсад болсон нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, дэлхийн шатрын 42 дугаар олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. Энэ бол зөвхөн 2016 онд үзүүлсэн амжилт биш, миний 25 жил шатрын спортдоо үнэнч зүтгэснийг үнэлсэн томоохон шагнал гэж ойлгож байна.“Хаан шонхор” хэмээх шагналын шонхор шувуу нь зориг тэмүүлэл төгс харцтай сайхан дүртэй юм. Энэ  нь намайг цаашдаа улам их амжилт гаргаасай гэсэн билэгдэл шиг санагдаж байна. Цаашдаа нутаг орныхоо нэрийг гаргахын төлөө өөрийн чадах бүхнийг хийх болно. Залуу үеийн шатарчдыг бэлтгэж, өөрийн олж авсан мэдлэгийг бусдад түгээн, тэр дундаа Хан Хэнтийнхээ хүүхдүүдэд шатрын боловсрол олгоно. Ирэх хавар 5-р сард өөрийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж, ирээдүйн шатарчдыг тодруулж гаргана гэж итгэж байна” хэмээн өгүүллээ.

Т.Батчимэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын "Сүлд" спорт хорооны тамирчин, ШШГЕГ-ын 441-р ангийн тусгай бүлгийн офицер. Энэ жил спарткиадын аварга болсон гээд цол нэмж, хошууч болсон байна. Мөн 2013 оноос Биеийн тамир, спортын газрын харьяа үндэсний шигшээ багт тамирчнаар ажиллаж байна.

Дэлхийн шатрын аваргуудыг харахад олонх нь 40 настайдаа ид амжилтаа гаргасан байдаг. Тэгэхээр түүний хувьд илүү амжилтад хүрэх хугацаа бий, энэ давуу талаа ашиглах боломж ч байна. Олон жил спортдоо үнэнч байж, тоглоно гэдгээ тэрбээр итгэлтэй өгүүлээд “Шатар бол яг хар тамхи шиг. Нэг орсон хүн буцаж гарна гэж байхгүй. Тоглолтын орчин, шатарчин хүний л мэдрэх атмосфер гэж байна. Тоглож байж л кайф мэдэрдэг, тоглохгүй удахаар түүнийгээ үгүйлдэг, тэр орчноо, шатарчдаа, уур амьсгалаа санаад, нэг сайхан нүүх юмсан гэж бодоод эхэлдэг. Тэр кайфыг мэдэрчихсэн хүн түүнээсээ холдож чаддаггүй, холдох тухай бодох төдийд л хэцүү санагддаг. Хүнийг ингэж татдаг спорт. Нас яваад идэвхтэй тоглохоо болилоо ч гэсэн өөрийн шатрын академиа нээж, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулна” гэлээ.

Ийнхүү түүний багаасаа шунан дурласан спортын багш нь Батчимэгийн хувьд амьдралынх нь ч багш ажээ.

-Багш дээрээ очихоос өмнө би улсын аварга болж чадахгүй байсан юм.Тэгээд Ц.Батсайхан багшдаа шавь орж, багштайгаа хамт бэлтгэл хийж улсын аваргын анхны түрүүгээ авч билээ. Тэгэхэд би есөн настай байлаа. Түүнээс хойш 20 жил багштайгаа хичээллэж байна. Бүх тэмцээнд арыг минь дааж, бэлтгэлийг маань базааж, дээлийн зах мушгиж суудаг хүн бол миний багш. Өрсөлдөгчийн судалгааг хуртэл хийж өгдөг. Миний бүх амжилтад багшийн минь хувь нэмэр асар их бий. Аав, ээж суурийг минь зөв тавьж өгсөн. Харин мэргэжлийн шатарчин болох замыг багш маань засаж, намайг зааж чиглүүлж ирсэн. Багш маань 1998 онд 23 настайдаа Монголын анхны Азийн аваргыг төрүүлж байсан, маш авъяастай, хөдөлмөрч хүн. Монгол хүн, монгол хүнээ дасгалжуулаад Их мастер, Олон улсын мастер цолонд хүргэж чадсан, өндөр түвшний шатарчин бэлтгэж байгаа цөөхөн дасгалжуулагчийн нэг дээ хэмээн багшаараа бахархаж, багшийнхаа гавьяаг үнэлүүлэх юмсан гэж бодож явдгаа ч хэллээ. Сайн багшийг олж, багш шавийн барилдлага тогтооно гэдэг их том ерөөл ажгуу.

Тамирчин хүнд сэтгэлзүйн бэлтгэл гэдэг маш чухал. Өөртөө өндөр хариуцлага үүрч тоглоод хожигдчихоороо сэтгэлээр унана, хямарна, шатар тогломооргүй санагдах үе бишгүй. Ер нь ялагдлын дараа их хэцүү. Ялангуяа багийн тэмцээнд тоглож байгаад ялагдвал ганцаараа тоглоод хожигдсоноос илүү нервтдэг байна. Ийм л үед спортоо орхиё гэсэн бодол төрөх ч үе бий. Тэгэхэд багш нь урам зориг өгч сэргээдэг. "Энгийн тайван амьдралаар амьдрах сонголтыг хэзээ ч хийж болно. Энгийн байх, түмний дунд хэл чимээгүй амьдрах хаалга үргэлж нээлттэй. Чи зорьсон зорилготой учраас үүнийг тэвчих хэрэгтэй. Энгийн байвал энгийн л байна. Энгийн бус байж амжилтад хүрдэг, их мастер болдог юм" гээд л зоригжуулна. Хүн бүр энэ ертөнцөд ирэхдээ өөр өөрийн чадамж, даалгавартай ирдэг гэж би боддог. Өөрт байгаа боломж чадвар, ухаанаа дайчилж Монгол хүнийхээ оюуны чадавхийг дэлхийд таниулж, амжилтанд хүрэх нь миний гол даалгавар гэж ойлгож байгаа. Тийм учраас зорилгодоо хүрэхийн төлөө зүтгэж л явна” гэж тэр хэлсэн.

 Т.Батчимэг маань залуу хүний хувьд, тамирчин хүний хувьд маш олон зүйлийг мөрөөддөг. Хамгийн том бөгөөд хамгийн их хүсч буй мөрөөдөл нь дэлхийн аварга болох. Дэлхийн шатрын олимп, Азийн аварга, эрэгтэй их мастер цолондоо хүрэх гээд мөрөөдөл нь үргэлжилнэ. Тоймтойгоос нь хэлбэл ийм. Ер нь том зорилго тавьж байж наагуурх давааг нь давж, зорьсондоо хүрнэ. Тиймээс тэр шатрын спортынхоо хамгийн өндөр оргилыг мөрөөдөж байна.

Тэр бас хувь хүнийхээ хувьд, эмэгтэй хүнийхээ хувьд өөрийн гэсэн ресторантай болохыг бүр багаасаа мөрөөджээ. Хоол хийх дуртай. Тийм болохоор цэвэрхэн, гоё хоолтой, тухтай рестораныг дотоод сэтгэлдээ бий болгочихсон яваа. Үүнийгээ ажил болгох юмсан гэж бодож байгаа. Ингэхийн тулд Италийн нэг тосгонд очиж, хоол яаж хийдгийг нутгийнх нь хүнээс сураад Монголдоо ирж хүмүүст хүссэн хоолыг нь хийж өгч баярлуулж, өөрөө түүнээсээ кайф авч амьдрахсан гэж мөрөөддөг. Гэхдээ яг одоо бол ресторанаас илүү шатрынхаа амжилтыг хамгаалж, цолныхоо энд хүрч, цаашлаад амжилтаа ахиулах тухай л бодож байна.

Хамгийн анх эрэгтэй их мастерыг хожсон өргөө Батчимэг мартдаггүй. 20 настайдаа АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцоход шүү дээ. Хүмүүс тойроод зогсчихсон, Их мастер хэний ч мэдэхгүй жижигхэн охинд хожигдох гэж байна, хожигдчихлоо гээд гайхаж харцгаагаад л... Тэр дүр зураг одоо ч тодхон. Бас дэлхийн аваргыг ялах мөчид үнэхээр гайхалтай мэдрэмж төрж, энэ домог болсон хүнийг би хожчихлоо шүү дээ гэж омогшиж байв.

Шатрын спорттой холбогдсон 25 жилийн хугацаанд нь тусалж дэмжиж, хожил, хожигдол бүхэнд нь хамт байсан бүх хүнд баярласнаа илэрхийлснийг нь дамжуулахад таатай байна. “Олон сайхан хүний тусламж дэмжлэгээр би энэ амжилтад хүрсэн. Тэднийхээ нэрийг дурдана гэвэл өнөөдөр дуусахгүй. Мөн ШШГЕГ-ын хамт олондоо, Үндэсний шигшээ багийнхандаа, гэр бүлдээ, найз нартаа баярлалаа” гээд Батчимэг маань ялдамхан мишээв. Тийм ээ, тэр үнэхээр агуу том хүсэл мөрөөдөлтэй, цэл залуу, үзэсгэлэнтэй ялдам бүсгүй.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ