Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг сурталчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-16 12:49:50

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны гуравдугаар сарын 15-нд Дорноговь аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар хамтран Сайншанд хотын Иргэний танхимд УИХ-аар баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх шинэчилсэн хуулийн үзэл санаа, хэрэгжилтийн талаар  олон нийтэд сурталчиллаа.

Батлагдаад удаагүй дээрх хуулийн үзэл санааг ард иргэд хэрхэн ойлгох, хууль хяналтын байгууллагууд хуулийг яаж хэрэгжүүлэх,  төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийн чиг үүрэг нь ямар байх талаар Хууль сахиулах Их сургуулийн багш, Цагдаагийн ахмад О.Отгонтуяа оролцогчдод мэдээлэл өгсөн юм.

Уламжлалт арга барилаар хүүхдээ хүмүүжүүлдэг байдал,  хааяа нэг алганы амт үзүүлэх, цохиод авах зэрэг нь хоцрогдож шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх болсон.

Мөн  шинэ хуулийн онцлог нь  2004 онд батлагдсан хуультай харььцуулахад цар хүрээ нь өргөн, 10-аад төрлийн өөрчлөлт орсон байдаг бөгөөд боловсролын байгууллагын ажилтан, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, төрийн захиргааны байгууллагын ажилтан, төрийн бус байгууллагын үүрэг оролцоо, сум, багийн Засаг даргын эрх үүргийг давуу эрхтэй оруулж хуульчилжээ.

Тухайлбал болсон үйл явдлыг талаар сум,багийн Засаг дарга  тухайн хүнээс тайлбар мэдүүлэг авах, зөрчил маргааныг шийдвэрлэхэд оролцох эрхийг нь нээж өгсөн байна.

Хүүхэд гэр хүчирхийлэлд өртсөн байвал яах ёстойг, хүчирхийлэл хоёр удаа давтагдсан байвал ямар хариуцлага хүлээлгэх хийгээд хүчирхийлэлд өртөж буйг мэдээлэх үүргийг боловсролын, эрүүл мэндийн, төрийн захиргааны байгууллагын ажилтан, анги удирдсан багш мэдээлэх үүрэгтэйг хуульчилсан аж.

Тиймээс аливаа асуудлыг шийдэхдээ хүүхдүүддээ учирлаж ойлгуулах, ухаанаар  зохицуулах, цаг үейиг нь ойлгож хүлээцтэй хандах нь хамгийн зөв арга гэдгийг албаны хүн тодотгов. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг сурталчлах өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцлоо.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ