Төрийн шагналт Ч.Лхамсүрэнгийн уран бүтээлийг алдаршуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-15 20:04:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Дэлхийн яруу найргийн өдрөөр Монгол Улсын Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн 100 насны ойг угтсан арга хэмжээг зохион явуулахаар болжээ.

Баянхонгор аймгийн зохиолчдын холбоо, Нийтийн номын сан, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Политехник коллеж хамтран зохион явуулах тус арга хэмжээ Баянхонгор хотноо энэ сарын 21-нд болох юм. Дэлхийн яруу найргийн өдрөөр Хонгор нутгаас төрөн гарсан нэрт зохиолчдын намтар уран бүтээлийг хүүхэд залууст таниулах, яруу найрагчид, яруу найраг сонирхогчдын уран бүтээлийг олон нийтэд сурталчлан хүргэх зорилгоор тус арга хэмжээг уламжлан болгон зохиодог байна.

Тус зохиолч, уншигчдын ярилцлага уулзалтын үеэр Ч.Лхамсүрэнгийн 100 насны ойд зориулсан амьдрал уран бүтээлийн намтрын товчоон, Ч.Лхамсүрэнгийн бүтээлүүдээс, Номын үзэсгэлэн олны хүртээл болно. Мөн Баян-Ойт цогцолбор, Номгон ахлах сургуулиас Ч.Лхамсүрэнгийн 100 насны ойд зориулсан гар зургийн уралдааны шилдгүүдийн бүтээлээр Үзэсгэлэн толилуулах аж. Арга хэмжээнд Баянхонгор аймгийн зохиолч, яруу найрагч, утга уран зохиол сонирхогчид, ЕБС-ийн сурагчид хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд оролцогчдын дунд Азын сугалаатай гэж байна.

Чойжилжавын Лхамсүрэн /1917-1979/. Ч.Лхамсүрэн 1917 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төржээ. Яруу найрагч, үргэлжилсэн үг, хүүхдийн зохиолч. Дөчөөд онд худалдааны сургууль, 1965 онд Москвагийн А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг төгссөн. Тэрбээр, 1938 оноос уран зохиол бичиж, 40 шахам ном түүвэр хэвлүүлжээ. Түүний олон зохиол нь ЗХУ-ын Орос болон бусад хэлэнд орчуулагдан хэвлэгдсэн. Яруу найргийн бүтээлүүд нь ардын аман зохиол дээр үндэслэгдсэн байдаг бөгөөд бичсэн олон шүлэг нь ард түмний дунд түгээмэл дуунууд болсон байна.

1962 онд “Хүрэн морь” найраглал, Маамуу нааш ир” зэрэг хүүхдийн дууны шүлгээрээ төрийн шагнал, 1979 онд хөдөлмөрийн тухай шүлэг найраглалаар МЗЭ-ийн шагнал авч байжээ.

                                                                                                                  Б.Мөнхзул

Холбоотой мэдээ