Хилийн Цэргийн 0311-р анги Цогцолбор тэмцээнд аваргаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-15 18:17:28

Увс /МОНЦАМЭ/ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойд зориулсан цогцолбор 11 төрлийн тэмцээн уралдаан Увс аймгийн онцгой чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд явагдаж дүнгээ гаргалаа.

Тэмцээнд амжилттай оролцсон багуудын шагналыг гардуулах ёслолын арга хэмжээ энэ өглөө Маршал Ю.Цэдэнбалын талбай дээр болж, аймгийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Энэ үеэр Хилийн Цэргийн 0245-р анги, 0311-р анги, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын албан хаагчид үзүүлэх тоглолтоо толилуулж ёслолын жагсаал хийсэн юм. Цогцолбор 11 тэмцээний нийлбэр дүнгээр Увс аймгийн Баруунтуруун сум дахь Хилийн Цэргийн 0311-р анги тэргүүн байр эзэлж цомын эзэд болсон бол 2-р байранд Онцгой байдлын газар, 3-р байранд Цагдаагийн газрын баг тамирчид шалгарсан байна.

Өнөөдрөөс марш тактикийн тэмцээн эхлэж байгаа бөгөөд шалгарсан баг шилжин явах цомын эзэн болно. Энэ жилийн тухайд цогцолбор тэмцээнийг тусад нь зохион байгуулж, шилжин явах цом мөн олгож байгаагаарай онцлог байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ