Олон улсын жемборид Сүхбаатар аймгаас 250-300 хүүхэд оролцох боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-15 18:05:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байгаа Олон улсын 31 дүгээр жемборигийн талаарх сурталчилгаа, мэдээллийг Монголын Скатуын холбооноос бүх аймгуудад хийж байгаа. Үүний хүрээнд сурталчилгааны баг хамт олон Сүхбаатар аймагт ажиллав. Тус арга хэмжээнд Сүхбаатар аймгаас 250-300 хүүхэд оролцох боломжтой юм байна.

“Сүхбаатар аймгийн бүх сумдад скаутын үйл ажиллагаа идэвхитэй явагддаг. Тэр дундаа Онгон, Мөнххаан, Сүхбаатар зэрэг сумдыг онцлон нэрлэж болно. Сүхбаатар аймгаас энэхүү арга хэмжээнд 250-300 хүүхэд оролцох боломжтой. Одоогоор бүртгэлийн ажил явагдаж байна. Эрдэнэцагаан сумаас 50, Онгон сумаас 40, Мөнххаан сумаас 20 хүүхэд оролцохоор бүртгүүлээд байгаа. Бүртгэл 05 дугаар сарын 01 хүртэл үргэлжилнэ” хэмээн аймгийн Скаутын зөвлөлийн дарга Э. Идэрцэцэг хэллээ.

Монголын Скаутын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г. Ариунчулуунаар ахлуулсан баг Сүхбаатар аймагт ажиллаж байгаа. Тэрээр хэлэхдээ “ Жембори гэдэг бол олон улсын скаутуудын майхант цугларалт юм. Хүүхдүүд маань энэхүү арга хэмжээнд оролцсоноор өөрийн сурсан мэдсэн зүйлээ, авъяас чадвараа бусад орны болоод өөрийн үе тэнгийн найз нөхөддөө харуулах, шинэ зүйлтэй танилцаж, шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой. Мөн төрөл бүрийн авхаалж самбаа, эр зориг, багийн ажиллагаа шаардсан өртөөнүүд бүхий адал явдалт цогцолбор, шинжлэх ухааны туршилтууд, танин мэдэхүйн сонирхолтой өртөөнүүдтэй шинжлэх ухааны цогцолбор, скаутын төрөл бүрийн чадваруудыг олгох, шинээр суралцах өртөөнүүдтэй Браунси арал цогцолбор гээд зургаан төрлийн цогцолбороор аялах болно. Үүнээс гадна орон орны үндэсний онцлогийг харуулсан шоу үзүүлбэр, ёслолын ажиллагаа, галын наадам гээд олон төрлийн үйл ажиллагаанууд болох юм. Тиймээс эцэг эхчүүд маань хүүхдээ үүнд оролцуулж, юм үзүүлж, гадны улс орнуудын хүүхдүүдтэй танилцах, цаашлаад он удаан жил нөхөрлөх боломжийг нь бүрдүүлж өгөх нь зөв. 50 гаруй орны 6000 орчим хүүхэд нэгэн дор цуглаж долоон өдөр, зургаан шөнийг хамт хөгжилдөн өнгөрөөх болно... ” гэлээ.

Мөн тэд аймгийн удирдлагуудтай уулзаж дэмжин, хамтарч ажиллахыг хүслээ. Тэдний хувьд аймаг орон нутгийн удирдлагуудаас жемборид оролцох хүүхдүүдийн ирж очих унааны асуудал, жигд хувцас, аймаг орон нутгийнхаа онцлогийг харуулсан үзэсгэлэнгийн ажилд дэмжлэг үзүүлэх гэсэн гурван хүсэлтийг тавьж байлаа. Харин аймгийн засаг дарга З. Энхтөр саналыг хүлээн авч, дэмжинэ гэдгээ албан ёсоор илэрхийллээ.

Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр жемборид 11-17 насны охидд хөвгүүд оролцох боломжтой. Жемборигийн төлбөр нэг хүүхдийн 250 мянган төгрөг юм байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ