Оны эхний 2 сард 10 ажлын байр шинээр бий болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт 2017 оны эхний хоёр сард 10 шинэ ажлын байр бий болсон талаарх мэдээллийг аймгийн Статистикийн хэлтэс өгч байна.
Шинээр бий болсон ажлын байрны дөрөв нь барилгын, гурав нь бөөний болон жижиглэн худалдааны, хоёр нь хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагааны салбарт бий болжээ. Харин хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарт нэг ажлын байр гарсан байна.
Харин 2017 оны эхний хоёр сарын байдлаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 1262 болсон бөгөөд эдгээрээс 945 нь огт ажилгүй хүмүүс байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1,4 хувь буюу 13 хүнээр буурсан байна.
Нийт ажил хайгч иргэдийн 595 нь эмэгтэйчүүд байна. Насны ангиллаар авч үзвэл бүртгэлтэй ажилгүй иргэдийн дийлэнх хувь нь буюу 66,9 хувь нь 15-34 насны залуучууд байгаа юм.
Харин энэ оны хоёрдугаар сард шинээр 585 иргэн ажил хайгчаар бүртгүүлсэнээс 121 иргэн нь ажилд зуучлагдан оржээ.
Т. Одончимэг