Хэнтий аймаг эко сургууль, эко цэцэрлэгтэй болно

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2017-03-14 23:34:45

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын хамт олон 2017 онд олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилдаа шамджээ. Түүний дотор Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд эко сургууль, эко цэцэрлэгтэй болох зорилтыг тавиад байна. 

Цаашлаад төсвийн сахилга батыг сайжруулах, хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг хангах, мэргэжилтнүүдийнхээ ажлын хариуцлага санаачлагыг дээшлүүлэх, багш нарын болон удирдах ажилтнуудын ёс зүйг сайжруулах, багш нарын мэдлэг чадварыг ахиулах чиглэлийн олон талт үйл ажиллагааг шат дараалан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Тус газрын дарга С.Мөнхцэцэг ярихдаа, "Үр дүнд суурилсан сургалтын тогтолцоонд шилжих ажил бол сургалтын ажлын гол цөм байх болно. Бид урлагийн салбартайгаа хамтраад ажиллах төлөвлөгөөний төслөө гаргасан байгаа. 2017 онд Улсын физикийн олимпиад манай аймагт зохион байгуулагдана. Улсын физикийн олимпиадын 30 жилийн ой мөн энэ онд тохиож байгаа юм. Бид салбараараа өөрөөр хэлбэл боловсрол, соёл, спортынхон хамтдаа нэг баг болж,  сумдаараа тойрон ажиллах, тэдэнд зорилго зорилтоо тайлбарлах, гарааны үнэлгээг тогтоох, сумын иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн." гэлээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ