Мөрөн сумын сургуулийнхан цахим ертөнцөд соёлтой хандахыг уриаллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2017-03-14 23:01:06

Хэнтий /МОНЦАМЭ/. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамнаас сургуулийн орчин дахь цахим гадуурхлыг зогсоох зорилгоор “Цахим гадуурхал цаашаа” уриан дор үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын ЕБС-иас 2017 онд нэлээд ажлуудыг зохион байгуулжээ. Тодруулбал эцэг эхчүүдийн дунд “Цахим хэрэгслийг зохистой ашиглах нь”, “Цахим гадуурхал цаашаа” сургалт явуулж, хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Мөн сурагчдын дунд цахим хэрэгслийг зохистой хэрэглэх уриалгын уралдаан, “Бид гадуурхдаггүй, доромжилдоггүй хамт олон ” хэлэлцүүлэг зохион байгуулж, хүүхдүүдээс гарсан шинэ санаачлагуудыг сургуулийн хүрээнд мөрдөж эхэлжээ.

Ингэснээр сурагчид өөрсдөө нийгмийнхээ ирээдүй нь болохын тулд Цахимаар зөв боловсон харилцъя, Хүчирхийлэлгүй ирээдүй-бидний ирээдүй, Соёлтой иргэн болж төлөвшье, Интертнет хэрэглээ соёл,  дэвшил болохоос хүчирхийллийн төв байж болохгүй, Бусдад хараалын бус урмын үг хайрлая зэрэг уриаг дэвшүүлэн  суралцаж байна.

Кибер буюу цахим ертөнцөд дээрэлхэх гэдэг нь ухаалаг гар утас, компьютер зэрэг цахим хэрэгсэл ашиглан бусдын нэр хүндэд халдах болох дарамтлахыг хэлдэг байна. Гадуурхлын олон хэлбэр байдаг ч олон нийтэд хурдан хүрдэг, хүссэн үедээ үйлдэж болдог, өргөн цар хүрээг хамардаг зэргээрээ цахим гадуурхал нь илүү хор хөнөөлтэй аж.

Улсын хэмжээнд өнгөрсөн дөрвөн жилийн дотор насанд хүрээгүй 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон гэсэн судалгаа гарчээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ