“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-03-13 21:56:02

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, “Сайн тус” ТББ хамтран өнөөдөр “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөлд оролцогч талуудын Нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа.

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл нь Улаангом сумын Ахлах 3-р сургууль болон Тэс, Зүүнговь сумын сургуулиудад 2017-2018 онд хэрэгжих юм байна. Энэхүү төсөл нь төсөв, худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар зорилтот аймаг, сумдад боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээ хүргэхэд хувь нэмэр оруулах зорилготой аж. Нэгдсэн уулзалтанд аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, сургуулийн захирал, ажилтнууд, эцэг эхийн төлөөллүүд оролцсон юм. Энэ үеэр “Глоб Интернэшнл төв”-ийн ажилтан Ч.Энхбаяр, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ажилтан Ц.Мандхайхатан, А.Ариунаа нар “Сайн сургуулийг дэмжих аргачлал”, “Боловсролын төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах” аргачлал, “Сургуулийн эцэг эх, багшийн холбооны үзэл баримтлал” гэсэн сэдвүүдээр мэдээлэл хийлээ.
“Глоб Интернэшнл төвөөс “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран Дэлхийн банкны санхүүжилтээр “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийг 2014-2018 онд хэрэгжүүлж байгаа. Тус төслийн хүрээнд 8 аймаг, 20 сумын 28 сургуульд Эцэг эх, багшийн холбоо байгуулах замаар ерөнхий боловсролын сургуулиудад эцэг эх, багшийн хамтын бүтээлч ажиллагааг хангах, түүнчлэн зорилтот 8 аймагт боловсролын төсвийн үйл явцад иргэдийн оролцоог хангахад арга зүйн дэмжлэг үзүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах зорилт тавин ажиллаж байна" хэмээн “Глоб Интернэшнл төв”-ийн ажилтан Ч.Энхбаяр хэллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ