Засаг дарга иргэдээ даатгаж ерөөл хурууллаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2017-03-13 17:21:39

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга З.Батзориг Дайчин вангийн хошуу ноён Чин ван Ханддоржийн үеэс уламжлалтай “Хошуу ноёны ерөөл”-ийг Дашчонхорлин хийдэд хурууллаа.

Энэ уламжлал ганцхан Дашчойнхорлин хийдэд байдаг бөгөөд сүүлийн 10 гаруй жил аймгийн Засаг дарга нар сэргээн ерөөл хуруулж, мандал өргөж байна.

-Шинийн нэгнээс шинийн 15-ны хооронд бурхан багшийн их дүйцсэн өдөр гэдэг. Энэ 15 хоногийг манай Монголчууд анх бурханы шашин орж ирсэн цагаас хойш тэмдэглэж буян үйлдвэл маш их арвиждаг гэж үздэг учраас иргэд засал хийлгэж, ном уншуулдаг.

Харин 16-ны ерөөл буюу хошуу ноёны ерөөл гэдэг Дайчин вангийн хүрээнд байсан уламжлал. Хошуу Засаг ноён нутаг орныхоо ард иргэд болоод мал аж ахуй ч гэдэг юм уу тухайн үеийнхээ эдийн засгийн аж амьдралыг бурхандаа даатгаж ерөөлийн хурлыг нэг ёсны захиалгаар хуруулж байгаа юм. Энэ ерөөлийг хурсны буянаар хошуу нутаг янз бүрийн гай барцадгүй байж, хүн зон нь эрүүл энх байна гэж үздэг. Бас мандал өргөдөг. Бурханд өргөл өргөж, аврал эрж байгаа ёс заншил гэж Дашчойнхорлин хийдийн гэсгүй Д.Алтансүх ярьлаа.

М.Батжаргал

Холбоотой мэдээ