“Тогызкумалакын” баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2017-03-13 15:37:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Тогызкумалахын Холбоо аймгийн ЗДТГ-тай хамтран казахын ард түмний уламжлалт тоглоом болох тогызкумалахын баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын нэрэмжит уг тэмцээнд Баян-Өлгий, Увс, Ховд болон ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Кош-Агач мужаас нийтдээ 162 тамирчин оролцож, 0-14, 14-18, 18-аас дээш насны ангиллаар 18 багц медалийн төлөө өрсөлдлөө. Хоёр өдөр үргэлжилсэн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд онооны дүнгээр Баян-Өлгий аймгийн баг тамирчид 1 дүгээр байр, Ховд аймгийн тамирчид 2 дугаар байр, Увс аймгийн тамирчид 3 дугаар байранд тус тус шалгарлаа.

Тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд 2017 оны 7 дугаар сард тогызкумалахын улсын аварга шалгаруулах тэмцээн, 2018 онд Дэлхийн Тогызкумалахын Холбооны төлөвлөгөөний дагуу Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах болно гэдгийг тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Монголын Тогызкумалахын Холбооны гүйцэтгэх захирал С.Асылхан онцоллоо.

Дашрамд дуулгахад сүүлийн үед Монгол Улсад тогызкумалахын спорт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд манай тамирчид 2016 онд БН Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан “Нүүдэлчдийн тоглоомын их наадам”-д оролцож, 26 орны тамирчдаас 2 дугаар байранд шалгаран эх орныхоо нэрийг өндөрт өргөж байсан юм.

Ө.Нурболат

 

 

Холбоотой мэдээ